Эдийн засгийн коридор байгуулахын тулд нийт 32 төсөл хэрэгжүүлнэ гэв

2016-07-18 09:23:00

-15 дахь удаагийн  Ази-Европын бизнес уулзалт “Оролцоотой хөгжлийн уялдаа холбоо” сэдвийн дор амжилттай зохион байгуулагдлаа-

АСЕМ-ийн дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын сүүлчийн уулзалт болох  "Ази, Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзалт"-ыг Аж үйлдвэрийн яам, Гадаад хэргийн яам, МҮХАҮТ хамтран энэ сарын 13, 14-ы өдрүүдэд Төрийн ордны  Их танхимд зохион байгууллаа. 15 дахь удаагийн "Ази, Европын бизнесийн чуулга уулзалт"-д нийт 40 гаруй орны 700 орчим зочид, төлөөлөгчид оролцсоны дотор БНВУ-ын Ерөнхий сайд ноён Нгуен Суан Фук, Европын холбооны Ерөнхийлөгч Жан Клод Юнкер нар байлцав.  

Чуулганы үеэр “Торгоны зам” буюу “Талын зам”, гурван улсын эдийн засгийн коридор, хоёр тивийн дунд Монгол Улсын гүйцэтгэх үүрэг, оролцооны талаар онцлон ярилцлаа. Тухайлбал, гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд нийт 32 төслийг ирэх таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсныг нь ч энэ үеэр дуулгалаа. Түүнчлэн чуулганд оролцогчид бизнес хөрөнгө оруулалтын тухай асуудал, ЖДҮ-ийг хөгжүүлэх, дэд бүтэц, байгаль экологийг хамгаалах тухай хэлэлцэж, Монгол Улс хоёр тивийн дунд орших сэргээгдэх эрчим хүчний асар том түшиц газар хэмээн тодорхойллоо.

Чуулга уулзалт хоёр өдрийн турш үргэлжилсэн бөгөөд "Оролцоотой эдийн засгийг хөгжүүлэх", "Ази-Европын уялдаа холбоо", "Жижиг, дунд бизнес олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нэгдэх", "Хөрөнгө оруулалт ба ногоон хөгжил" сэдвийн дор зохион байгуулагдав. Бизнесийн чуулга уулзалтыг нээж Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат үг хэлсэн юм. Тэрбээр энэ удаагийн чуулганыг “Ази, Европ хоёр тивийн эдийн засаг, худалдаа бизнесийн бат бөх түншлэл, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих чухал индэр” хэмээн тодорхойлсон юм.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат цааш хэлсэн үгэндээ “Хөгжиж буй орнуудын төлөөлөл болсон Монгол Улс өөрийн улсын эдийн засгийн бие даасан байдал, тогтвортой өсөлтийг бий болгохоор уул уурхайн түүхий эдийн экспортлогч, хэрэглээний эдийн засагтай орноос өөрийн баялгийн нөөцөд тулгуурласан бүтээгч эдийн засаг руу шилжиж байна. Тиймээс ч бид эдгээр санаачлагад нэгдэн, харилцан ашигтайгаар эдийн засгаа хөгжүүлэх үүднээс энэ удаагийн бизнес уулзалтыг “Оролцоотой хөгжлийн уялдаа холбоо” гэсэн нэгдсэн сэдвийн хүрээнд зохион байгуулж байна” гэв.

Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлан таниулах онцгой ач холбогдол бүхий арга хэмжээ болсныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хаалтын үеэр онцлон тэмдэглэлээ.  Чуулганаас гарсан санал, дүгнэлтийг “Чуулга уулзалтын зөвлөмж” болгон төлөөлөгчдөөр батлуулан АСЕМ-ын дээд түвшний уулзалтад хүргүүллээ. 






Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Харъяа байгууллагууд


© 2018. Аж үйлдвэрийн яам. Бүх эрх хуулиар хамгаалагдсан