Түүхэн товчоо

2015-10-21 00:35:00

АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ТҮҮХЭН ТОВЧОО

 

1921 он гэхэд Монгол улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулахуйц үйлдвэр бараг үгүй байв.Ардын төр засгаас орчин үеийн машинт аж үйлдвэрийг хөгжүүлэхийг анх удаа Засгийн бодлого болгон тусгайлан авч үзэж 1923 оны   06 дугаар сарын 18-нд “Эдийн засгийн үндсэн бодлого” хэмээх нэртэй түүхэн чухал баримт бичгийг баталж гаргасан нь манай улсад аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх эхлэл болсон юм.

Мөн 1924 оны 11 дүгээр сарын 18-нд Монгол  Улсын анхдугаар их хурлын 8 болон 13 дугаар тогтоолоор аж ахуйн асуудлыг Сангийн яамнаас салган үйлдвэр, дотоод, гадаад худалдаа, аж ахуйн салбарыг бусдаас хараат бус бие даасан салбар болгох зорилгоор Аж ахуйн яамыг байгуулж, Анхны сайдаар нь А.Амар ажиллаж байсан байна.

1925-1926 оны үеэс Алтанбулагийн Булигаарын завод, Налайхын уурхай, Хэвлэх үйлдвэр зэрэг урьд байсан жижиг үйлдвэрийг сэлбэн засч, бас байгалийн баялаг ашиглах, мал аж ахуйн түүхий эд боловсруулах чиглэлтэй үйлдвэр, тоосго, мод, төмөр, архины завод, цэмбэний фабрик зэрэг шинэ үйлдвэр байгуулжээ.

Аж ахуйн яамыг 1930 оны 04 дүгээр сарын 25-нд татан буулгаж, хоёр яам болгон өөрчлөн байгуулжээ. Үүнд:

• Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн "Мал, тариалангийн яам";

• Зам, тээвэр, үйлдвэр, барилга, худалдааны асуудал эрхэлсэн “Худалдаа ба Аж үйлдвэрийн яам”

Ийнхүү үүсэн байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл аж үйлдвэрийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж ирсэн тус яам БНМАУ-ын Улсын бага хурлын тэргүүлэгчдийн зарлиг, Сайд нарын Зөвлөлийн тогтоолуудаар чиг үүргийн дагуу удаа дараа нэр нь солигдож, мөн зарим яамдыг нэгтгэн үйл ажиллагааг явуулж ирсэн бөгөөд Аж үйлдвэрийн салбар нь үе үеийн засаг төрийн удирдлага ямагт анхааран хөгжүүлж ирсэн улс орны хөгжлийн нэн чухал салбар юм.

Аж үйлдвэрийн салбар хариуцсан яам нь Монгол Улсад хөнгөн болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхээс гадна хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр олон талт бодлого барин ажиллаж ирсний тод жишээ нь 1930 онд Улаанбаатар хотод Аж үйлдвэрийн комбинат байгуулах шийдвэр гарч, Аж үйлдвэрийн комбинатын зураг төсөл хийгдсэн явдал байлаа. 

Аж үйлдвэрийн комбинат байгуулах ажилтай холбогдон манай улсын анхны Дулааны цахилгаан станцыг 1934 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ашиглалтад оруулсан байна. Энэ үйл явдал нь Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх шийдвэр түүхэн чухал ач холбогдолтой байсны гэрч болж,  Монгол улс гэрэл цахилгааныг эх орондоо үйлдвэрлэн хангах, улмаар үйлдвэр байгуулах эхлэл болсон.

Монгол улсын Аж үйлдвэрийн тулгын чулуу болсон Аж үйлдвэрийн комбинатыг 1934 оны 03 дугаар сарын 26-ны өдөр цогцолбороор бүрэн барьж дуусган ашиглалтад оруулсан байна. Аж үйлдвэрийн комбинат нь Арьс, ширний завод, ноос угаах завод, цэмбэний фабрик, нэхий эдлэлийн үйлдвэрээс бүрдэж байсан ба Монголын үндэсний үйлдвэрлэлийн анхны суурь тавигджээ.

undefined

1938 онд аж үйлдвэрийн салбарын мэргэжлийн  боловсон хүчин бэлтгэх  Үйлдвэрийн техникумийг, 1939 онд Аж үйлдвэрийн комбинатын дэргэд фабрик заводын сургууль байгуулсан нь Монгол Улсад аж үйлдвэрийн салбар хурдацтай хөгжих эх суурь болсон байна. 

Дэлхийн II дайны үед Монгол улс дотоодын нөөц бололцоогоо дайчлан улс, хоршооллын үйлдвэрүүд цай, тамхи, чүдэнз, давс, саван зэрэг ахуйн болон хүнсний өргөн хэрэглээний бараа, мал аж ахуй, газар тариалангийн багаж, машин, тоног төхөөрөмжийн зарим сэлбэг хэрэгсэл гэх мэт 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон байна.

Сайд нарын зөвлөлийн 1955 оны  6 дугаар сарын 9-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор Сүхбаатар хотод чүдэнзний орчин үеийн шинэ үйлдвэрийг ашиглалтанд оруулжээ.

Аж үйлдвэрийн комбинатыг өргөтгөх, шинээр үйлдвэрүүд нэмж байгуулах ажил 1950 оны сүүлчээр эхэлжээ. Ширний үйлдвэр, Шевретийн үйлдвэр, савхин эдлэлийн оёдлын үйлдвэр, эрдэм шинжилгээ туршилтын төв, засварын төв зэргийг нэмж өргөжүүлсэн байна. Мөн 1972 онд цавууны үйлдвэр, 1976 онд Булигаарын завод бүрэн шинэчлэгдсэн бөгөөд 1982 онд үслэг эдлэлийн үйлдвэр, гутлын үйлдвэр, савхин эдлэлийн үйлдвэр зэргийг өргөтгөн ашиглалтанд оруулсан.

undefined

"Бурхантын хөндий"-д 1961 оны 10 дугаар сарын 17- ны өдөр Дархан хотын анхны суурийн чулууг тавьснаар Монгол улсын 2 дахь томоохон хот бий болж, үйлдвэрлэл, үйлчилгээ улам өргөжин хөгжих  эхлэл тавигджээ. 

Дархан хотод Цемент, Силикат, Байшин үйлдвэрлэх комбинат, Архины үйлдвэр, "Керамзит", "Эрдэс хөвөн", "Төмөр бетоны үйлдвэр", "Хүнсний үйлдвэр", "Нэхий эдлэлийн үйлдвэр", "Мах комбинат", "Хар төмөрлөгийн үйлдвэр" зэрэг олон үйлдвэрүүдийг барьж байгуулсан байна.

"Эрдэнэтийн овоо"-ны орд газарт БНМАУ-ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын гэрээний дагуу 1978 онд зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг байгуулсан. 

undefinedЭрдэнэт уулын баяжуулах үйлдвэр нь Монгол Улсын эдийн засагт чухал ач холбогдолтой бөгөөд эдүгээ Эрдэнэт нь өнгөт металлын, хүнсний, мод боловсруулах, хивсний зэрэг хөнгөн үйлдвэрүүдтэй томоохон хэмжээний аж үйлдвэрийн хот болон хөгжиж байна.

Хөтөлийн шохойн чулууны ордод анхны геологи хайгуулын ажлыг 1963 онд хийж эхэлснээр барилгын онц чухал хэрэгцээт материал цементийн их нөөцтэй орд газрыг хайгуулчид нээж олсон байна. Энэ ордыг ашиглах үйлдвэрийн суурийг 1982 оны 07 дугаар сарын 26-нд Монгол-Зөвлөлтийн барилгачид тавьж богино хугацааны дотор иж бүрэн үйлдвэр, орон сууцны хороолол, соёл ахуйн барилга байгууламж бүхий бүхэл бүтэн хотхон байгуулсан.

1983 оны 5 дугаар сард Хөтөлийн Цемент шохойн комбинатыг: 

undefined

Цементийн үйлдвэр, Шохойн үйлдвэр, Уулын олборлох үйлдвэр, Засвар механикийн контор, Дулааны станц гэсэн бүтэцтэй байгуулж байв. Орчин үеийн өндөр бүтээмжтэй техникээр тоноглогдсон нарийн технологитой цогцолборыг 1986 оны 12 дугаар сарын 28-нд иж бүрнээр хүлээн авсан нь одоогийн Хөтөлийн "Цемент Шохойн" үйлдвэр юм. 2014 оны 05 дугаар сарын 14-нд Шинэ технологийн үйлдвэрийн нээлтээ хийсэн байна.

undefinedЯпоны Засгийн газар БНМАУ-ын Засгийн газарт 5.0 тэрбум иений буцалтгүй хөрөнгө олгож, Улаанбаатар хотноо ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах үйлдвэр байгуулах тухай Монгол-Японы Засгийн газрын хэлэлцээрийг 1977 оны 03 дугаар сарын 17-нд байгуулсан бөгөөд 1978 оны 08 дугаар сарын 25-нд Говь үйлдвэрийн барилгын шавыг тавьсан ажээ. Улмаар инженер техникийн ажилтнуудыг ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах комбинатын мэргэжлийн болон угсралт, тохируулгын үйлдвэрлэлийн дадлага хийлгэсэн байна. 1981 оны 08 дугаар сарын 25-нд үйлдвэрийн барилгын ажил бүрэн дуусч, 1981 оны 09 дүгээр сарын 05-нд Говь үйлдвэр ашиглалтанд оржээ.

30 гаруй жилийн түүхтэй тус үйлдвэр нь Монголын тэмээ болон ямааны 100% нарийн, тансаг ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээрээ дэлхийд эхний тавд багтдаг. Өнөөдөр Нью-Йорк, Токио, Лондон, Парис, Берлин, Хамбург, Брюссель, Москва, Сөүл зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй 20 гаруй хотуудын дэлгүүрийн лангууг "GOBI-Made in Mongolia" гэсэн шошготой ноолууран бүтээгдэхүүн чимж, "Говь"-ийн бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээлд амжилттай өрсөлдөж байна.

undefined

Өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй олон аж ахуйн нэгж, байгууллагуудын эх суурь нь аж үйлдвэрийн салбар хариуцан ажиллаж байсан яамны санаачилга, үйл ажиллагааны чиглэл дор үүсгэн байгуулагдсан. Аж үйлдвэрийн салбарыг хариуцсан үе үеийн яам байгуулагдсан анхны цаг үеэс өнөөг хүртэл улс эх орны бүтээн байгуулалтыг сэргээн босгох их ажлыг хийж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн гол тулгуур болсоор ирсэн юм.




Холбоотой мэдээлэл



Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Харъяа байгууллагууд


© 2018. Аж үйлдвэрийн яам. Бүх эрх хуулиар хамгаалагдсан