Д.Эрдэнэбат: Төр бодлогоо гаргасан, үндэсний хөрөнгө оруулагчдаа дэмжиж байна

2016-04-05 13:06:00

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Дондогдоржийн Эрдэнэбаттай хариуцсан салбар, түүний эрхлэх асуудлын хүрээнд багтаж буй төр хувийн хэвшлийн түншлэл буюу концессын хэрэгжилт болон бусад асуудлын талаар ярилцлаа.  

-Танай салбартай холбоотой шинэ бүтээн байгуулалтын талаар ярилцлагаа эхэлье.

Төмөртэйн уурхайгаас "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" хувьцаат компанийн Хандгайт өртөө хоорондох төмөр зам ашиглалтад ороход бэлэн болсон байна. Энэ замын ажилд та ямар ач холбогдол өгч байна?  

- Концессын гэрээгээр хийгдэж буй энэ бүтээн байгуулалт бол төмөр замын салбарт манай үндэсний бүтээн байгуулагчдын хийсэн анхны ажил. 1950-иад оноос Оросын мэргэжилтнүүд Улаанбаатар төмөр замыг тавьсан. Дараагийнх буюу “Болд төмөр Ерөө гол” компанийн татсан төмөр замыг тавьсан тал нь БНХАУ.  Харин Төмөртэйн  ордоос эхлэн тавьж буй 34.5 км зам монголчуудын хувьд өөрсдөө бүтээж буй анхны зам. Монголчууд өөрсдөө том төсөл хэрэгжүүлж чаддаг юм байна гэдгийг илтгэсэн үйл явдал учраас их ач холбогдол өгч байгаа.

-Энэ төсөл дээр төр, хувийн хэвшлийн  хооронд хийсэн концессийн гэрээний нөхцөл  нь ямар байгаа вэ?  

- Төмөр замыг хүлээлгэн өгснөөс хойш эргэн төлөлтийг улсын төсөв үе шаттай хийх ёстой. Улсын төсвөөс эргэн төлөгдөж буй энэ мөнгө эх орондоо л үлдэнэ. Гаднын хөрөнгө оруулагчдын концессийн гэрээгээр хийсэн ажлын мөнгө гадагшаа л гардаг. Зөвхөн  энэ ажил биш манай үндэсний компаниудын концессоор  тавьж буй маш  олон автозамын ажлууд бас бий. Мэдээж олон километр урт замыг барихад Монгол компаниудад хүн, хүч, санхүүгийн нөөц муу байдаг. Тэдгээрийг гаднын компаниуд аваад хийж л байна.  Харин боломжийн хэмжээтэй замын төслийг үндэсний компаниуд чанартай гүйцэтгэн хүлээлгэн өгч байгаа нь ач холбогдолтой. Эхнийх нь Дархан, Ерөө, Хүдэр дээр суурилагдсан хар төмөрлөгийн аж үйлдвэрийн цогцолбор. Хар төмрийн хүдрийг гадагшаа экспортлохоос гадна дотооддоо хайлуулж ган хийх асуудал яригдаж буй. Яг үүнтэй холбогдуулан Төмөртэйн  ордын төмөр зам ашиглалтад орж байна. Түүнээс гадна Хүдэр,  Ерөөг Улаанбаатарын төмөр замтай холбосон авто замын ажлыг мөн л  үндэсний компаниуд  хийж буй нь  сайн зүйл.  Би үндэсний компани гэж онцлоод байгаа нь  учиртай. Өнөөдөр Монгол Улс эдийн засгийн хүндрэлээс  бид үндэсний үйлдвэрлэгч, бүтээн байгуулагчдаа дэмжиж, дотооддоо нэмүү өртөг шингээж байж гарна.

-Дотоодын үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийх үндэсний компаниуд хэр  олон байна?  

-Аж үйлдвэрийн салбарын хэмжээнд өнөөдрийн байдлаар 4.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжиж байна. Зөвхөн үндэсний компаниудын хэрэгжүүлж буй төсөл. Энэ бол бага мөнгө биш. Харин ч өмнө нь хэзээ байгаагүй хөрөнгийн хэмжээ аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт  болж байна. Энэ хэмжээгээр тэдгээр компаниудын нуруун дээр эрсдэл очиж байгаа.. Үүнд мэдээж өөрийн хөрөнгө оруулалтаас гадна гадаадаас татсан санхүүжилт, бондын мөнгө бий.

-4.6 их наяд төгрөг гэдэг улсын төсвийн бараг гуравны хоёртой тэнцэх нь ээ.  

-Тийм. Бага мөнгө биш. Тиймээс энэ ажлыг нурааж болохгүй. Монгол Улсын нийт төсвийн гуравны хоёртой тэнцэх дотоодын хөрөнгө оруулагч Монголд бий болчихож гэсэн үг.  Харин тэднийгээ хайрлаж, хамгаалж, дэмжиж ажиллах  нь  төрийн гол ажлын нэг байх ёстой.  

-Төмөр замаас гадна автозамын ажлууд концессоор хэрэгжиж байгаа гэж та хэллээ.  Ер нь  концессийн гэрээ байгуулаад эхлүүлж буй автозамын ажлын явц хэр байгаа вэ?  

-Концесс гэдэг нь тухайн ажлыг гүйцэтгэж буй компани өөрийн хөрөнгөөр хийчихээд, тодорхой хугацаатайгаар мөнгөө буцааж авах схем юм. Ялангуяа эдийн засаг хүндэрсэн, энэ үед   хамгийн зөв хувилбар. Энэ жишгээрээ олон ч бүтээн байгуулалтыг эдийн засаг хүндэрсэн жилүүдэд хийж байна. Баруун чиглэлд концессоор хэрэгжиж буй автозамын ажил дуусаж байна. Гэхдээ концессоор ажил гүйцэтгэж буй анхны оролдлого учраас гадаадын хөрөнгө оруулагчид эрсдэлээс их болгоомжилдог. Энэ ажлыг гүйцэтгэхийн тулд хүнд процедурыг туулдаг. Ийм нөхцөлд унаж байгаа компаниуд ч байна, ажлаа амжилттай хийдэг нь ч бий. Аймгийн төвүүд нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдоод үндсэндээ дууслаа. Үүн дээр  нэмээд Зам тээврийн яамнаас хэрэгжүүлж буй гадаадын хөрөнгө оруулалт, зээлээр тавьж буй замууд бий. Баруун аймгуудаас Завхан чиглэлийн 167 гаруй км урт замын асуудлыг бид шийдэж чадаагүй байгаа. Сэлэнгийн хөдөө аж ахуйн тариа, хүнсний ногоо тээвэрлэлтийн 137 км замыг барих гэрээ  бэлэн болсон. Бусад замын ажлууд үндсэндээ дууссан. Бидний анхны оролдлого бүхэн амжилттай нь ч байна, алдсан  нь ч бий. Тиймээс их сургамж авч байгаа. Мөн хуулиа өөрчлөх ёстой юм байна гэсэн дүгнэлтэд  хүрч байна.  

-Концессын тухай хууль уу?  

-Тийм. Тэгэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг  шинээр боловсруулаад, Засгийн газарт өргөн  барихад бэлэн  болоод байна. Үүнд төр, хувийн хэвшил хооронд  бүтээн байгуулалт, дэд бүтэц, үйлдвэрийн хөрөнгө оруулалтын чиглэлээр юу хийж болох вэ гэдгийг тодорхой болгож байгаа. Мөн эргэн төлөлт, Засгийн газрын баталгаа, төсөвтэй уях байдлыг зохицуулж буй. Бидний л туулж өнгөрүүлсэн  амьдралаас сургамж авч боловсруулсан сайн хууль  болно гэдэгт эргэлзэхгүй байна.  

-Концессын гэрээгээр ажил аваад гүйцэтгэж буй компаниудад таны сая хэлсэн эргэн төлөлт, Засгийн газрын баталгаатай холбоотой зохицуулалт хамгийн чухал. Тиймээс энэ зохицуулалтыг хийх хуулийн заалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?  

-Өнөөдрийн хуулиар Засгийн газар концессын гэрээг хийгээд бусад компаниудтай харилцаа үүсгэх нь нээлттэй. Харин үүнд зөрчилдөж буй зүйл бий. УИХ-ын дарга чуулганы танхимын индэр дээрээс ч хэлсэн. “Концессын гэрээнүүд чинь улсын төсвийн хөрөнгө оруулалттай уялдахгүй байна” гэж.  Төсвийн төлөвлөлттэй  уялдаж байж хөрөнгө оруулалтаа шийдэхгүй бол хэмжээгүй их мөнгө явчих гээд байгаа юм. Дараа нь буцааж төлөх болдог, төсвийн ачаалал нь даадаггүй. Тэгэхдээ зайлшгүй хийх шаардлагатай дэд бүтцийн ажлууд бий. Энэ  нь зөвхөн зам биш. Тухайлбал эрчим хүчний салбарт хэд хэдэн төсөл концессоор хэрэгжиж байна. Эрчим хүчний дутагдлаа нөхөхийн тулд дулааны цахилгаан станц барих шаардлага үүснэ. Үүний нэг  нь Багануурын цахилгаан станц. Мөн  л концессийн гэрээ хийсэн, ажил нь эхлээд явж байна.  Тэгэхдээ эргэн төлөлт нь  төсөвт тусгагдахгүй байгаа шүүмжлэлийг хүлээж авах ёстой. УИХ-аар концессоор гүйцэтгэх  хэмжээг баталгаажуулахад

Засгийн газрын баталгаа сайжирна.

-Гэхдээ бүтээн байгуулалтын томоохон төслүүд улсын төсвийн хэмжээндээ баригдаад удаашрахгүй юу?  

-Өмнө нь концесс гэж байгаагүй үед төрөөс хэрэгжүүлж буй бүх ажил төсөвтэй холбоотой явдаг байсан. Гэхдээ нэг ялгаа байсан нь улсын төсвөөр сургууль, цэцэрлэг, зам, дэд бүтцийг барьдаг байсан ч, үүний чанарт баталгаа өгөх ойлголт байгаагүй юм. Тиймдээ ч төсвөөс хөрөнгө авчихаад, гүйцэтгэл, чанар муу, хугацаандаа ашиглалтад  оруулдаггүй олон ч ажил байсныг сая цэгцэллээ. Харин эдийн засгийн хүндрэлтэй үед төр  үүнийг яаж зөв гольдрил руу оруулах вэ гэж хүссэн хүсээгүй боддог юм байна. Төр хувийн хэвшлийн түншлэлээр автозам, эрчим  хүч зэрэг томоохон төслүүдийг хийдэг  болсон. УИХ анх удаа сургууль, цэцэрлэгийн барилгыг нэгдсэн зураг төсвөөр, концессоор  барих шийдвэрийг гаргасан. Энэ бол маш зөв.  Концессийг дагаад хариуцлага ирдэг юм. Тухайлбал сургууль, цэцэрлэг барих концессийн гүйцэтгэгчид тавдугаар сард тодорно. Тэд өөрсдийн санхүүгийн нөөц, хариуцлага, эрсдэлээ яг тооцож орж буй компаниуд байна. Өмнө нь төсвийн хөрөнгө оруулалтаар  баахан мөнгө угаагаад, хариуцлагагүй ханддаг байсан байдал зогсож байна гэсэн үг. Бид  цаашид ч ийм зарчмаар ажиллана.   

 

Гурван сая хүнд таарсан сэтгэлгээгээр үйлдвэрлэлд хандаж болохгүй

 

-Аж үйлдвэрийн яам энэ оныг дотоодын үйлдвэрлэл,  борлуулалтыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд ямар ажил хийж байна вэ?  

-Энэ бол зүгээр тунхаглал биш. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих асуудал Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаас хойш хийж буй томоохон ажил. Бидэнд хоёр сонголт байна. Эхнийх нь, хэрэглээгээ гаднаас худалдаж аваад  хуучнаараа амьдрах. Мөнгө хэрэгтэй болвол  газраа ухдаг ийм замыг бид туулаад өнгөрсөн. Гэхдээ энэ бол бидний сонголт биш юм байна. Харин одоо ганцхан зам үлдсэн. Адаглаад өөрсдөө хийж  чадах зүйлээ дотооддоо үйлдвэрлээд амьдрах ёстой. Арвин  их баялагтай улс бүх зүйлээ гадагш  нь түүхийгээр гаргачихаад, хариуд нь  бараа солилцоо маягаар баахан чанартай, чанаргүй зүйл авдаг байж болохгүй. Өөрсдийн үйлдвэр, ажилчин анги, инженер, хөдөлмөрийн бүтээмж, бараа, үйлчилгээгүйгээр  амьдарч болохгүйг ойлгох хэрэгтэй.  Зарим хүмүүс ийм жижиг зах зээлд үйлдвэрлэл ямар хэрэгтэй юм бэ?  гэж  асуудаг. Асуудал нь  улсын  жижиг,  томдоо биш. Харин энэ гурван сая хүнийг яаж амьдруулах вэ гэдэгт  байгаа юм. Гурван сая хүн урд, хойд хоёр хөршийнхөө том зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломжийг ашиглаж чадахгүй байгаадаа дүгнэлт хийх хэрэгтэй. Яах гэж бид төмөр зам барьж, эрчим хүчээ нэмэгдүүлэн,  автозам тавиад  байгаа юм бэ.  Суурь үйлдвэрлэлийнхээ суурийг тавихын тулд шүү дээ.

-Суурь  үйлдвэр гэдгээ тодотгохгүй юу?  

-Гангаа хайлж, нефтээ нэрж, нүүрсээ боловсруулж чадахгүйгээр цааш явах талаар ярих нь их хол сонсогдоно. Тиймээс энэ бүхнээ хийх  нь  аж үйлдвэрийн бодлогын суурь ойлголт. Суурь үйлдвэргүйгээр хөдөө аж ахуйн хөгжил, хөнгөн үйлдвэрлэл, ЖДҮ-ийг хөгжүүлэх тухай асуудал бүтэхгүй. Монгол Улс зөвхөн ажлын байр хадгалахын тулд ЖДҮ-тэй байдаг байсан. ЖДҮ бол хүнд үйлдвэрлэлийн туслан гүйцэтгэгч юм. Ядаж том үйлдвэрлэлийн суурь битон  цутгах,  нормын хувцсыг оёхгүйгээр ЖДҮ-ийн тухай ойлголт хол юм. Тиймээс суурь үйлдвэрлэл,  дэд  бүтцийг хурдан тавих  ёстой.  

-Тэгэхээр суурь үйлдвэрлэл ярихаасаа өмнө суурь дэд бүтцээ ярих ёстой юм биш үү?  

Тийм. Аливаа зүйл эрэмбэ дараалалтай байх ёстой. Бид эхлээд замбараагүй баахан давхисан. Түүхий нүүрсээ зөөх гадагшаа чиглэсэн төмөр замаа эхлээд тавих уу, суурь үйлдвэрлэл рүү чиглэсэн дотоодынхоо төмөр замыг  түрүүлж татах  уу.  Харин Төмөртэйн төмөр зам бол  дотоодын суурь үйлдвэрлэл рүү чиглэсэн зам. Өөрөөр хэлбэл эдийн засгийн ач холбогдлынхоо хувьд алийг нь түрүүлж эрэмбэлэх вэ гэдгээ бодох хэрэгтэй.

 

Шингэн төлбөрийн баримттай “банк”-ны салбарыг бүх бизнесмэн сонирхоно

 

 Газрын тосны боловсруулах үйлдвэр барих үндэсний хөрөнгө оруулагчдын тендер зарлагдаад байна. Монголын үндэсний компаниудад ийм төсөл хэрэгжүүлэх чадамж байгаа юу?   

-Чадамж гэхээс илүү хүсэл эрмэлзлэлийн тухай асуудал. Төр бодлогоо гаргасан, үндэсний хөрөнгө оруулагчдаа дэмжиж байна. Монгол Улс дотооддоо нефтийн нөөцтэй. Харин үүнийг мөн дотооддоо боловсруулах нь Монголын эрх ашиг гэдгийг ч ойлгосон. Өмнө нь олон ч үйлдвэрийн төсөл боловсруулж байсан ч, нефтиэ заавал импортоор авна гээд унаж байна. Түүнээс биш Д.Эрдэнэбат гэдэг нөхөр бусад төслийг унагаад байгаа юм биш. Өнөөдрийг хүртэл тэр хүмүүс лицензтэйгээ явж л байгаа. Харин одоо үндэсний консерциум дээр тулгуурласан нефтийн үйлдвэр байгуулагдахад эдгээр хүмүүс оролцох нь нээлттэй.

-Үйлдвэр байгуулах хэмжээний үндэсний консерциум гарч ирж чадахгүй бол яах уу?

-Чадна гэж найдаж байна. Үндэсний консерцум  хөрөнгө оруулагчтайгаа гэрээгээ хийнэ.

Гадаадын уу?

-Тийм. Гэхдээ эхлээд үндэсний компаниуддаа давуу тал өгсөн. Тэр нь “Та нар дотооддоо нэгдээд ороод ир. Жилдээ 2.3 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр гэдэг жижиг. Өнөөдрийн ханшаар үйлдвэр барихад шаардлагатай хөрөнгө нэг тэрбум ам.долларт багтана” гэдгийг хэлсэн. Нефтийн үйлдвэр барих  нь зэс хайлуулах үйлдвэр барихаас хялбар шүү дээ. Тиймээс би энэ ажлыг тултал хийхийн тулд  зүтгэнэ. Үндэснийхэн орохгүй гэвэл гадныхан нь бэлэн л байна шүү дээ. Бид 1.5 тэрбум ам.долларыг зөвхөн шатахуун авахад зориулж байгаа. Энэ хэрээрээ валютын урсгал гадагшилж, ханш нь саваад байгаа юм.  

-Тендерийн шалгаруулалтад хамгийн түрүүнд  үндэсний консерциум гэсэн шаардлагыг тавьсан нь шатахуун  стратегийн  бүтээгдэхүүн гэдэг утгаар хандсан  уу?  

-Шатахуун бол мөнхийн хэрэглээ. Хэзээ ч хэрэглэгчтэй байдаг. . Өөрөөр хэлбэл энэ үйлдвэрийг шатахуун гэдэг шингэн төлбөрийн баримттай банк гэж ойлгож болно. Үүн дээр орох сонирхолгүй бизнесмэн байдаг гэдэгт итгэхгүй байна. Тиймээс энэ үйлдвэр үндэсний хөрөнгө оруулагчдынх байгаасай гэж хүссэндээ оролцооч ээ гэж байгаа.

-Газрын тосны үйлдвэр барих шийдвэр гарах бүрт байршил нь өөрчлөгдөж байсан. Энэ удаад Хэнтийн Бор-Өндөрт барихаар боллоо.  Ямар учраас Бор-Өндөр гэж?  

-Хүнд үйлдвэр бол талхны цех биш. Тэр хэрээрээ хүнд үйлдвэр хүний эрүүл мэнд болон байгальд үргэлж эрсдэл дагуулдаг. Хоёрдугаарт хүнд үйлдвэр түүхий эдээ дагаж явах ёстой. Мөн нефтийн үйлдвэр усны өндөр хэрэглээ шаарддаг. Түүнээс гадна ажилчин ангийн суурь, дэд бүтцээ дагах нь мэдээж. Харин Бор-Өндөрт нефтийн үйлдвэр барих  нь тохиромжтой гэсэн шийдвэрийг урьдчилсан ТЭЗҮ боловсруулсан судалгааны баг гаргасан. Тухайлбал Дарханд Хар төмөрлөгийн үйлдвэр байна. Дээр нь нефтийн үйлдвэр нэмээд барьчихвал эрсдэл ямар байх вэ гэдгээ бодох хэрэгтэй юм. Дархан, Сэлэнгэ бол Монголын  уул усны эх, хөдөө аж ахуйн гол бүс шүү дээ. Илүү даац байхгүй гэсэн үг.

-Нефтийн үйлдвэрт ажиллах  боловсон хүчний бааз манайд байна уу?  

-Үйлдвэр барих хугацаа гурван жил. Харин тендерт ялсан консерциум ТЭЗҮ-гээ боловсруулахдаа боловсон хүчний бодлогоо оруулж ирнэ.

-Газрын тосны үйлдвэрийг дагасан  ЖДҮ-үүд хэр байгуулагдах  бол?  

-Олон байгуулагдана.

 

Эрэлт хязгаарлагдмал болчихсон үед үнээ нэмдэг наймаачин байхгүй  

 

Аж үйлдвэрийн яамнаас импортын тарифын зохицуулалтыг зарим бараа, бүтээгдэхүүн дээр хийж байгаа. Үүний үр дүн мэдрэгдэж байна уу?

-Импортын тарифын зохицуулалтыг ноднин жил анх удаа хийж үзлээ. УИХ 300 гаруй зүйлийн бараа, бүтээгдэхүүн дээр зохицуулалт хийх эрхийг өгсөн  нь Засгийн газарт маш сайн дэмжлэг болсон. Хэрэв Монгол Улсад үйлдвэрлэл хөгжөөгүй бол энэ тухай ярихгүй байсан. Өмнө нь угаасаа ярьдаггүй ч байсан. Монгол Улс дэлхийн худалдааны байгууллагад элссэнээс хойш орж ирж буй бараа, бүтээгдэхүүний гаалийн татвар 0-5 хувьтай л байлаа. Хэн ч үүнийг анзаараагүй. Яагаад гэвэл бид бүгд  худалдаачид байсан. Монгол Улсад  үйлдвэрлэл  байгаагүйн баталгаа. Одоо бол дотоодын үйлдвэрлэгч бүхэн импортын гаалийн татварыг нэмээд өгөөч гэдэг болсон. Түүнээс биш үйлдвэрлэлээ хөгжүүлээгүй байж гаднын бүтээгдэхүүнд гаалийн өндөр татвар тогтоогоод байгаа юм биш. Харин бий болсон дотоодын үйлдвэрлэлийг ижил төрлийн гадны бараа  бүтээгдэхүүнээс хамгаалахын тулд хийж байгаа зохицуулалт.  Хамгийн анх цемент дээр импортын тарифын зохицуулалт хийсэн. Үр дүн нь ч гарсан. Дотоодын үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэн, бүр экспортолж чаддаг болсон. Энэ бол  дотоодод үйлдвэрлэл нэмэгдсэний баталгаа.  Мөн өнгөосөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд манай яамнаас 50 гаруй бүтээгдэхүүнд импортын тарифын зохицуулалт хийхээр санал оруулсан.

-Ямар төрлийн бүтээгдэхүүнүүд дээр тарифын зохицуулалт хийх  бол?  

-Үүнд төмс хүнсний ногоо, хуурай сүү, сүүн  бүтээгдэхүүн, модон тавилга эдлэл, төмөр бетон хийц, ном хэвлэл, сав  баглаа боодол гэх мэт бүтээгдэхүүн байна. Яагаад гэвэл Монгол Улсад  энэ төрлийн бүтээгдэхүүнийг  хийдэг үйлдвэрүүд нь зах зээлдээ биежээд  бий болчихсон байна. Зарим хүмүүс “Эрдэнэбатаа намар ургац авахгүй бол хүнсний ногооны үнийг яах вэ” гэдэг.  Тэгвэл энэ зохицуулалтаа өөрчилчихөж болно.  Хамгийн гол нь ногоочид маань энэ хавар “Биднийг гаалийн татвараар Монголын төр хамгаалчихсан байгаа шүү” гээд төлөвлөлтөө хийх боломж олгож буй хэлбэр.

-Гэхдээ дотоодын үйлдвэрлэгчид дангаараа зах зээлд байхаараа үнээ өсгөчихдөг тал бий. Үүнийг яах вэ?   

-Би тэгж харахгүй байгаа. Эрэлт, нийлүүлэлтийн зохицуулалт эдийн засгийн үзүүлэлтээсээ доош орчихсон байна. Хүмүүс үнэтэй зүйл худалдан авахаа болисон. Таван төгрөгөө юунд зарцуулахаа мэддэг, зөв зохистой хэрэглээ рүү орчихсон байна. Монгол Улсад барилгын найман хувийн хүүтэй зээл гараагүй байхад хүмүүс мөнгөө ресторан, бар гэх мэт үйлчилгээний газарт өгдөг байсан.. Харин үүнийг эдийн засгийн уналттай холбож тайлбарлаад байдаг. Нэг талаараа тийм ч, нөгөө талаасаа хүмүүс зөв, зохистой хэрэглээ рүү орсон байна. Үйлчилгээний салбарт өгдөг байсан мөнгө өөрийнх нь орон сууц руу лизингийн мөнгө болоод ордог боллоо.  Хүмүүсийн хэрэглээ ийм зохистой хэлбэр рүү орсон байхад үйлдвэрлэгчид бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөөд яах юм бэ.  Харин зөв үнийн  бодлогоор худалдааныхаа эргэлтийг хурдасгая гэж бодохоос биш, “импортын тарифыг нэмчихсэн юм чинь би барааныхаа үнийг  арван хувиар өсгөнө” гэж шийдэхгүй. Өөрөөр хэлбэл эрэлт хязгаарлагдмал болчихсон байхад үнээ нэмдэг наймаачин байдаггүй юм.

 

Сумын Засаг даргад  эрх өгөхөөр ямар үр дүн гардгийг яруу тодоор харлаа

Монголын Засгийн газар 2011 оноос сум хөгжүүлэх сангийн зээлийг орон нутагт өгч эхэлсэн. Гэвч Аж үйлдвэрийн яам уг зээлийг  олгох  журамд  өөрчлөлт оруулж байгаа юм байна. Ямар өөрчлөлтийг хийх вэ?  

-Сум хөгжүүлэх сангийн зарцуулалт дэндүү задгай, хариуцлагагүй явж ирсэн. Хэд хэдэн аймагт шалгалт хийсэн,  дүн тааруухан гарлаа.  Эргэн төлөлт муу, зээл олгохдоо ямар ч барьцаа авдаггүй. Ер нь л сумын Засаг дарга гэх ганц хүний үзэмжээр явдаг байснаас ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гардаг болсон. Уг нь төр, засгийн зүгээс жил бүр сумдаа хөгжүүлье гэж энэ хөтөлбөрийг эхлүүлсэн  “Сумын хөгжлийн сан”, “Орон нутгийн хөгжлийн сан”, “ЖДҮ-ийг хөгжүүлэх сан”-гийн хөтөлбөрийн хүрээнд орон нутагт  огцом эерэг өөрчлөлтүүд гарсан. Сумдын нүүр царай ч сайжирсан. Сайны хажуугаар саар гэгчээр эргэн төлөх нөхцөлгүйгээр баахан зээл бий болсон.  Сум хөгжүүлэх сангийн зээлийн жилийн хүү ердөө гуравхан хувь. Гэтэл үйлдвэрлэгчид маань арилжааны банкнаас 20 хувийн хүүтэй зээл авч байна. Ийм сайхан нөхцөл дээр орон нутгийнхан дэндүү хариуцлагагүй ажилласан. Тиймээс хяналтыг чангатгасан, журмыг  өөрчилж байгаа. Мөн зээл олгох эрх бүхий субьектэд багтах бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, иргэдийн төлөөллийг түлхүү оруулж байна. Ингэснээр зөвхөн танилдаа зээл өгдөг, хүүгийн хэмжээг зоргоороо тогтоодог байдлыг  болиуллаа.

-Мөн л зээл олгох  хэлбэрт  нь өөрчлөлт орж байгаа юу?  

-Аж үйлдвэрийн бодлогоор хаана ямар үйлдвэрлэл байгуулах вэ гэдэг зураглал гарсан. Энэ дагуу аймаг, дүүрэгт сонгон шалгаруулах эрхийг нь шилжүүлж өгч байна. Мэдээж олгох санхүүжилт нь лимиттэй. Тэр лимитдээ тааруулж сонгон шалгаруулсан төслийг энд нягтлаад, санхүүжилтийг  олгох эсэхийг шийднэ. Ер нь бол сумын  амьдрал хамгийн энгийн түвшинд байна шүү дээ.

-Хамгийн энгийн түвшин гэдгээ тодотгохгүй ?  

-Сумын иргэн Дорж хөршийнхөө хийж буй аятайхан талхыг идэхээс биш Улаанбаатарт ирж талх авдаггүй. Ядаж л  хөдөөний хүүхдүүд хотод ирж үнэтэй гутал авахаас илүү нутгийнхаа хүний хийж буй чанартай гутлыг сонгодог болсон. Тиймээс өрхийн бичил бизнесийг дэмжих чиглэлийн зээлийг олгох эрхийг  орон нутаг, суманд нь  өгсөн. Тэр тусмаа зээл олгох эрхийг  нь банкинд өгсөн. Дорж таван сая төгрөгийн зээл авч, эргэлтийн мөнгө хийх хүсэлтэй байгаа бол тэр суманд байгаа манай мэргэжилтэнд төслөө бүртгүүлээд л, өөрөө банкин дээр очно гэсэн үг.  

-Тэгэхээр шалгуурыг банк тавих нь  ээ.  

-. Үнэхээр найдвартай хүнд  бол суманд үйл ажиллагаагаа явуулж буй банк зээл олгоно, үгүй бол өгөхгүй. Түүнд яамны болон аймгийн Засаг даргын  оролцоо хэрэггүй. Сумын Засаг даргад эрх өгөхөөр ямар үр дүн гардгийг өнгөрсөн хугацаа харуулсан.Хэрэв ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөрийн энэ аргачлал амжилттай болвол  банк эрсдэлээ хариуцах  учир тухайн сумын хэний хийсэн бүтээгдэхүүн борлогдох вэ, аль төсөл  амжилт олж болох вэ гэдгийг шийдэх юм. Ийм эрүүл харьцаа руу орох цаг болсон.

 

-Намайг түшээд авна уу, түлхээд  хаях уу гэдгийг  нутгийнхан маань  шийднэ

 

-Аж үйлдвэрийн салбартай холбоотой асуултаа үүгээр дуусгая. Улстөрч хүний хувьд танд тавих  асуулт байна. Сонгууль удахгүй боллоо. Ардчилсан нам нэр дэвшигчдээ тодруулсан уу.  Ямар зарчмаар  тодруулах вэ?  

-Сонгуулийн тухай хуулийн дагуу Ардчилсан намын ҮЗХ энэ сарын дундуур хуралдах ёстой. ҮЗХ аль тойрогт,  ямар хүн дэвшүүлэх вэ гэдгээ шийднэ. Энэ журмаараа л явах  болов уу. Тэр нь ч зөв.

-Гэхдээ тойрогт  нэр дэвшигчид  ерөнхийдөө тодорчихсон  юм биш үү.

-Нэр дэвшигчид  тойргоо онилчихсон байгаа биз.  Бүх намууд л тийм байгаа байх.  

-Тухайлбал таныг Сэлэнгэд нэр дэвших гэж байна гэж ойлгож байгаа.  Энэ зөв үү?  

-. Өнгөрсөн сонгуулиар жагсаалтаар сонгогдсон. Одоо бол төрсөн нутаг  Сэлэнгэдээ нэр дэвших бодол байна.

- Нэр дэвших бодолтой байгаа хүмүүс одоо ид санаа тавих үе биз  дээ?  

-УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд гэдэг төрийн өндөр  албан тушаал. Энэ зэрэгт хүрчихсэн хүний хувьд надад нэг л хүсэл байна. Ирэх дөрвөн жилд өөрийнхөө хуримтлуулсан туршлага, потенциалдаа тулгуурлаад улсын бодлогыг чиглүүлэх ажилд бодол санаагаа илэрхийлээд явах юмсан гэх чин хүсэл. Түүнээс гадна нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах юмсан гэх бодол надад бий.

-Танд УИХ-ын  гишүүн, салбарын сайдаас илүү амбийц байхгүй гэж үү?  

-Байхгүй. Би энэ байгаа түвшин, албан тушаал дээрээ ажлаа дуусгах л  хүсэлтэй. Энэ хүслээ нутгийнхандаа хэлнэ. Харин тэд маань түшээд авах  уу, түлхээд хаях  уу гэдгээ шийднэ биз дээ.   

-Ардчилсан нам МҮАН болон ИЗНН-ыг өөртөө нэгтгэх санал тавьсан. Гэвч намуудын нэгдэл нэг л  явцгүй байна. Ер нь  эдгээр  улс төрийн  хүчнийг өөртөө нэгтгэх  нь танай намд ямар ашигтай юм бэ?  

- Намын төлөвшил гэдэг төрийн  бодлогод оролцох  боломж нээгдсэн үед үүсдэг. Нам гэдэг нэг  хүний өмч биш. Олон ургальч үзэл бодол дээр тогтдог.  Тэнд сайн  нь  ч тааруухан нь ч бас байгаа. Харин нам нь бусад  улс төрийн  хүчнүүдтэй нэг долгион дээр очихыг эрмэлзэх ёстой.  Үүнд намын том, жижиг хамаагүй. Ямар нэгэн бодлого нэгдэл дээр  цуг байж чадаж байна уу гэдгээ л харах ёстой юм. Ардчилсан намыг  сайн, муу олон янзаар л  ярьдаг.  Гэхдээ Ардчилсан нам бол бүтээгч улс төрийн хүчин мөн. Дотроо үзэл бодлоороо зөрчилддөг ч нэг л  бодлоготой. Тэр бодлогод нэгдээч ээ гэсэн саналыг  бусад намд тавих нь эрүүл үзэгдэл. Харин нөгөө нам  нь өөрийн  цар хүрээ,  бодлогод оролцох боломжийг зөв тооцоод тавьсан саналыг  нь хүлээж авдаг бол сайн.Эцсийн эцэст сонгогчид бодлоготой намд л саналаа өгдөг.

 

 

Ярилцсанд баярлалаа. 






Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Харъяа байгууллагууд


© 2018. Аж үйлдвэрийн яам. Бүх эрх хуулиар хамгаалагдсан