А.Шоовдор: Гаалийн татвар нэмсэн нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэн маш зөв бодлого болсон

2016-04-21 10:44:00

Монгол Улсын ууган үйлдвэрүүдийн нэг Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн гүйцэтгэх захирал  А.Шоовдортой цаг үеийн асуудлаар ярилцлаа. Хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийг түүчээлж, түүхийг бичилцэж буй тус хамт олон шинэ оны эхэнд Аж үйлдвэрийн салбарын Тэргүүн дээд шагналын эзнээр тодорсон юм. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Аж үйлдвэрийн яам хамтран зохион байгуулсан  “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих төр, үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн”-ий үеэр тус хамт олон салбарынхаа Тэргүүн дээд шагналын эзнээр тодорсон билээ. 

undefined

-Өнгөрсөн 2015 он Хөтөлийн “Цемент Шохой” ХК-ийн хувьд ямар он байв. Та бүхэн тавьсан зорилтоо бүрэн хэрэгжүүлж чадсан уу?

-Хөтөлийн цемент шохойн үйлдвэр нь 33 жил үйл ажиллагаа явуулж,  энэ хугацаанд 4.8 сая тонн цемент үйлдвэрлэн улс орны бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж ирсэн. Улс орны эдийн засгийн хүндрэлийн улмаас 2015 он монголчуудад төдийгүй бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд хүнд байсан гэдгийг бүгд мэдэж байгаа. Энэ асуудал манай үйлдвэрийг ч тойроогүй. Гэхдээ манай хамт олон шинэ техник, технологийг  өөрөөр хэлбэл хуурай технологийн цементийн үйлдвэрлэлийг нутагшуулах тал дээр түлхүү анхаарч ажилласнаар 2015 онд хуурай технологиор 416.2 мянган тонн цемент, 450.0 мянган тонн чулуунцар үйлдвэрлэсэн нь түүхэндээ хамгийн их чулуунцар үйлдвэрлэсэн жил болсон.

-Энэ онд ямар зорилт тавин ажиллаж байна вэ?

-Манай компани жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай боловч барилгын салбарын үйл ажиллагаа улирлын чанартай явагддагаас шалтгаалан үйлдвэрийнхээ хүчин чадлын 70 орчим хувийг ашиглан ажиллаж байна. Цементийн зах зээл нь байвал бид үйлдвэрлэхэд бэлэн. 

-Үйлдвэржилтийг дэмжих тухай хуулийг дагалдаж Засгийн газрын 332 дугаар тогтоол буюу зарим бараа бүтээгдэхүүнд гаалийн тарифын зохицуулалт хийхэд цемент багтсан. Энэ бүхэн Хөтөлийн “Цемент Шохой” ХК-ийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Одоо л зөв гольдрилдоо орж байна. Дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжиж, импортын бүтээгдэхүүнээс татгалзах нь хөгжлийн нэг гарц. Монголчууд хийж чаддаг юмаа заавал гаднаас авах шаардлагагүй. Харин хийж чадаж байгаа үйлдвэрлэгчидээ  төрөөс бодлогоор дэмжээд өгвөл хувийн хэвшлийнхэн  босоод л ирнэ, улс ч хөгжинө.  Гаалийн татвар нэмсэн нь дотоодын үйлдвэрлэгч нарыг дэмжсэн маш зөв бодлого болсон. Энэ ажил нь үндэсний үйлдвэрлэгчдийн дунд шударга өрсөлдөөний нөхцлийг бий болгож байгаагаас гадна чанарын хяналтгүйгээр их хэмжээгээр орж ирэн барилга, бүтээн байгуулалтад ашиглагдаж байсан импортын цементэд тодорхой хэмжээний хязгаарлалт болж чадсан нь чухал.

-Танай компани өнгөрсөн онд хэчнээн тонн цемент экспортод гаргасан бэ. Энэ онд экспортын хэмжээг нэмэгдүүлэх үү?

-Өнгөрсөн онд  ОХУ руу 160 гаруй вагон цемент экпортолсон. Энэ онд ч экспортлохоор төлөвлөөд ажиллаж байна. Үйлдвэр хувьчлагдсан учраас  экспортын асуудал нээлттэй болсон.

-Хөтөлийн “Цемент Шохой” ХК-ийн удирдлага солигдоод удаагүй байна. Та энэ компанийг, үйлдвэрийг цаашид хэрхэн удирдаж ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Би энэ үйлдвэрийг улсын үйлдвэр байхад нь  есөн жил удирдсан. Энэ хугацаанд жил бүр ашигтай ажиллуулсан. Харин одоо хувьчлагдсан тул янз бүрийн дарамт шахалт байхгүй, илүү үр бүтээлтэй ажиллуулах боломжтой  гэж харж байна. Цаашид компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар, үнэ, тоо хэмжээ, брэнд нэрээрээ зах зээлд өрсөлдөж ажиллахаар төлөвлөж байна.

-Аж үйлдвэрийн салбарын суурь болсон хүнд үйлдвэрийн салбар хөгжлийнхөө шинэ эхлэлийг тавьж байгаа тухай салбарынхан ярьж байна?

-Монголд хүнд үйлдвэр хөгжих шинэ эхлэл тавигдаж байгаад баяртай байна. Шинэ яамтай, тодорхой бодлоготой ажиллаж байгаа учраас үйлдвэрлэгч нарт илүү түшигтэй болсон байна. Монгол Улс уул уурхайд  түшиглэсэн эдийн засгийн бодлогоос аж үйлдвэрт түшиглэсэн эдийн засгийн загварчлал руу шилжих нь илүү хөгжлийн гарц гэж боддог. Өмнө нь барилгын материал үйлдвэрлэгчдийг төр тэр бүр анхаардаггүй байлаа. Баригдсан барилга нь чухал болохоос чухам яг юугаар барих нь сонин биш байх жишээтэй. Харин одоо бол байдал өөр болж байна. 

-Салбарын яамтайгаа хэр уялдаатай ажиллаж байна вэ. Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаар танай салбарт гарсан ахиц, дэвшил юу байв? 

-Аж үйлдвэрийн яам байгуулснаар Монгол Улсад аж үйлдвэржилтийн бодлогыг нэгдсэн зохион байгуулалттай явуулах эхлэлийг тавьсан гэж харж байна. Манай Хөтөлийн хувьд дэд бүтэц сайтай, барилгын материалын “талх”-ыг үйлдвэрлэдэг газар. Мөн  суурьшсан, мэргэжлийн боловсон хүчин олонтой. Энэ бүх давуу байдлаа ашиглаад Аж үйлдвэрийн яамтай хамтарч Хөтөлд цементээр хийж болох хийцийн жижиг үйлдвэрүүдийг бий болгох талаар судалж  байна. Бидний ажлыг Д.Эрдэнэбат сайд их дэмжиж байгаа. 

-Үндэсний хөрөнгө оруу­лагчдын хэрэгжүүлж буй төслийн мөнгөн дүн улсын төсвийн тэн хагастай тэнцэж буй. Цаашид хөрөнгө оруулалтыг аж үйлдвэрийн салбарт татах тэр тусмаа хүнд үйлдвэрийн салбарт татах ямар боломж, гарц, сувгууд байна вэ?

-Дотоодын хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Төр засгаас хөрөнгө оруулагчдад дэмжлэг үзүүлэх талаар олон янзын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч эцсийн үр дүнг харахад сэтгэлд хүрэхгүй л байна. Мэдээж хөрөнгө оруулалт гэдэг нь ямар нэг зээлийн эх үүсвэрээс санхүүждэг тул зээл, зээлийн хүүгийн асуудал дагалдана. Мөн дээр нь татвар болон бусад төрийн ачаа нэмэгдэж ирдэг. Үндэсний хөрөнгө оруулалт хийгдсэн компаниудад төрийн зүгээс бодлогоор эхний 1-3 жилд татварын болон бусад хөнгөлөлт үзүүлэх нь хүнд үйлдвэрийг хөл дээр нь босгох, хөгжүүлэхэд том дэмжлэг болно. 

Эх сурвалж: www.mminfo.mn

Х.Жаргал






Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Харъяа байгууллагууд


© 2018. Аж үйлдвэрийн яам. Бүх эрх хуулиар хамгаалагдсан