Амбийцтай төсөл

2016-04-22 20:21:00

Гадаадын нэг томоохон зочин Монголд айлчилжээ. Тэгмэгц манай дарга нар хотынхоо бүтээн байгуулалтыг танилцуулж гэнэ. “За, энэ үйлдвэрийг бол манай орос ах нар, тэрийг нь унгар найзууд маань, үүнийг болгарчууд барьж өгсөн юмгэх мэтээр танилцуулга үргэлжлэв. Тэрэн дотор Бид өөрсдөө энийг босголоогэх нэг ч өгүүлбэр гарсангүйг зочин анзаарч, асуухад дарга нар хэлэх үггүй болжээ”. Энэ бол онигоо. Үнэндээ саяхныг болтол монголчууд ийм л залхуу, хэт бэлэнчилсэн хүмүүс байлаа. Гэхдээ одоо байдал өөр. Үндэсний компаниуд хийж бүтээе, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх боломж олгооч гэж л хүсдэг болсон.

 Тийм чадвар, техник технологи нь бидэнд бий. Бүтээн байгуулалтын олон ч ажлаа өөрсдөө хийж байна. Төр засаг ч ийм бодлого баримталж, үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ хамтрах болов. Яг ийм зарчим баримталж буй нэг томоохон төсөл бол газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажил. Газрын тос бол стратегийн бүтээгдэхүүн. Гэтэл манай улс хэрэгцээт шатахуун, дизель түлшнийхээ 95 хувийг зөвхөн ОХУ-аас импортолдог

Тэднийхээс бүрэн хараат болгодог энэ худалдан авах ажилдаа тэрбум гаруй доллар зарцуулдаг. Гэтэл эх орны маань хөрсөн дор газрын тосны баталгаат зэрэглэлийн нөөц 332.6 сая тонн, үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 43.25 сая тонн байгаад байдаг. Тиймээс үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн үр өгөөжөө бодсон ч энэ төсөл дээр монголчууд өөрсдөө амбийцлах ёстой болж байна.

ХУВЬСГАЛЫН ТОХИРОО БҮРДЭВ

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд жилд 2.3 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барих урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсон. Уг төсөлд хөрөнгө оруулах үндэсний компанийн оролцоотой дөрвөн ч консорциум саналаа ирүүлээд буй. Тодруулбал, Монгол-Канад, Монгол-Англи, Монгол-Хятад, СРР-МАХ (Монгол-Хятадын хамтарсан) гэсэн дөрвөн консорциум байна. Тэдний хүсэлтийг хүлээн авснаас хойш сарын дотор АҮЯ эцсийн шалгаруулалт хийх учиртай тул ирэх сарын 5 гэхэд амбийцтай төслийг хэрэгжүүлэгч тодорхой болно. Ажил хуваарийн дагуусаадгүй явж байна гэсэн үг.

Юм л бол улстөржүүлж, саад хийх дуртай сөрөг хүчнийхэн чимээгүй байна. Боловсруулах үйлдвэр барих тухай яриа гарахаар л эсэргүү үгс чулууддаг шатахуун импортлогчид ч ган хийсэнгүй. Учир нь ийм үйлдвэр Монгол Улсад хэрэгтэй, гадагш урсгаж буй 1.2 тэрбум доллароо эх орондоо үлдээх ёстой гэдгийг тэд мэдэж байгаа. Хамгийн гол нь энэ үйлдвэрийг барих, үр өгөөжийг нь хүртэх цаг болсныг тэд мэдэрч буй. Тиймээс л эсэргүүцэж, улстөржүүлэх биш, хамтраад ажиллая гэж байгаа аж.

Нөгөө талаас бидний өөрсдөө хийе, бүтээе, боловсруулъя гэсэн хүсэл, тэмүүлэлд хоёр хөрш саад тавьж бас чадна. Гэвч Монгол Улс жилд 2.3 сая тонн газрын тос нэрэх хүчин чадалтай үйлдвэртэй боллоо гээд тэдний зах зээлд нөлөөлөхгүй. Тиймээс тэдэнд сандрах хэрэг байхгүй. Харин ч сонгон шалгаруулах тендерт БНХАУ-ын оролцоотой хоёр консорциум ороод ирсэн байна. Энэ бүхэн боловсруулах үйлдвэрийг цаасан дээр биш, бодитоор барих хувьсгалын тохироо бүрдсэний баталгаа болж буй юм.

ХЯМРАЛЫГ БОЛОМЖ БОЛГОН ХАР

Энэ үгийг хэн нэгэн юу ч бодолгүйгээр амнаасаа унагачихаагүй байх. Дэлхийн зах зээлд баррель нефтийн үнэ унасаар, эдүгээ 32 ам.доллартой тэнцэж байна. Ханш унахын хэрээр үйлдвэр барихад шаардлагатай тоног төхөөрөмжийн үнэ бас буурдаг аж. Энэ бол зардал буурна гэсэн үг. Газрын тос боловсруулах үйлдвэр барих нийт өртөг 1.3 тэрбум доллар. Тэгвэл цаг алдалгүй ажлаа үргэлжлүүлбэл уг үйлдвэрийг тэрбум долларт багтаан барих боломж бий гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байна лээ. Хямрал боломж болдгийн нэг жишээ энэ биш гэж үү.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах талаар сүүлийн 10 гаруй жил хоосон ярьсан ч жилийн дотор бодит ажил өрнүүлж чадлаа. Төрийн бодлогын хэмжээнд амбийц гаргаж, стратегийн төслөө зүтгүүлсний, хариуцсан АҮЯ-ны баг сэтгэл гарган ажилласны үр дүн эхнээсээ харагдаж буй нь энэ. Ажил энэ маягаар саадгүй өрнөөд байвал 2021 онд боловсруулах үйлдвэр ашиглалтад орно. Нефтийн бүтээгдэхүүнээс хараат улс байхаа болино.

Дотоодын хэрэгцээгээ өөрсдөө хангана. Бор-Өндөр суманд тос боловсруулах үйлдвэр болон тос дамжуулах хоолойн цогцолбор барих юм. Түүхий тосны ордоос Бор-Өндөр хүртэл 544 км дамжуулах хоолой татна. Мөн жилд 1.55 тэрбум долларын борлуулалт хийж, 160 сая долларын цэвэр ашиг олж, хөрөнгө оруулалтаа найман жилд нөхнө гэж тооцоод буй. Бас 600 ажлын байр бий болно. 

Тэгэхээр хэдхэн жилийн дараа гадаадын зочин ирвэл “Одоо бид үйлдвэрүүдээ өөрсдөө барьдаг, бүтээдэг болсон” хэмээн бардам дуугарах боломжтой болох нь. Гэхдээ энэ цагийг ойртуулахын тулд уг төслөөр улс төр хийхгүй байх нь чухал. Хувьсгалын тохироо бүрдэж, төр, үндэсний үйлдвэрлэгчид, гадаадын хөрөнгө оруулагчид санаа нэгдсэн дээр нь босгоод авах ёстой. 2016 оны сонгуулийн дараа ямар ч нам ялсан сууриа хэдийнэ тавьж, ханаа өрж буй уг төслийг зогсоох боломжгүй. Галт тэрэг хэдийнэ хөдөлсөн.

Эх сурвалж: www.mongolnews.com

С.ТУУЛ






Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Харъяа байгууллагууд


© 2018. Аж үйлдвэрийн яам. Бүх эрх хуулиар хамгаалагдсан