Д.Нямхүү: Импортын тарифын зохицуулалтаар үйлдвэрлэгчид зах зээлээ эргүүлж авна

2016-04-25 13:17:00

Засгийн газрын 2016 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор14 бүлгийн 28 зүйлийн 100 гаруй нэр төрлийн  бараа бүтээгдэхүүнд импортын тарифын зохицуулалт хийсэн. Энэ зохицуулалт ирэх сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Энэ талаар Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-28 нэр төрлийн барааны импортын татварыг нэмсэн. Ямар төрлийн бараанууд багтсан бэ?

- 2015 оны наймдугаар сард таван бүлгийн бараанд импортын 20 хувийн татвар оногдуулж байсан. Өөрөөр хэлбэл, дотооддоо үйлдвэрлэх боломжтой, чанар, стандарт бүрэн хангасан барааг импортын ижил бараанаас хамгаалах үүднээс татвар тавьж байгаа юм. Энэ нь Дэлхийн худалдааны байгууллагаар зөвшөөрөгдсөн байдаг. Монгол Улсын хувьд Дэлхийн худалдааны байгууллагад элсэх үедээ нэр төрлийн барааг татвартай болгож болно гэж хэлэлцээртээ суулгасан.

Үүний дараа сая дахин 14 бүлгийн 28 зүйлийн 100 гаруй нэр төрлийн барааг дахин 15-20 хувийн татвартай болгохоор шийдвэр гарсан. Засгийн газрын гуравдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар 185 дугаар тогтоол гарсан юм.

Нийтдээ 14 бүлгийн бараа бий. Сахар болон бусад амтлагчийн хольцгүй, шингэн сүү, цөцгийний төрлийн бараа бүтээгдэхүүн. Мөн төмс, сонгино, шар лууван, шар манжин зэрэг хүнсний ногооны төрөл, зайрмаг, бусад мөсөн бүтээгдэхүүн, модон хаалга, цонх, блокон хавтан, бүх төрлийн хэвлэмэл хуанли, хонины ноосон ээрмэл, шивсэн эсгий, нэхмэлийн бусад материал, эрдэс чулуун хөвөн, барилгын блок, силикат тоосго, зам талбайн бетонон хашлага, албан газрын зориулалттай модон тавилга гэх мэтчилэн бараа, бүтээгдэхүүн багтсан.

Энэ дундаас замын хажуугийн брожурыг онцолъё. Брожурын дотоодын хэрэгцээ 300 мянга гаруй м3 байдаг. Гэтэл дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал 589 мянгад хүрчихсэн. Бид өөрсдөө чанартай, баталгаатай үйлдвэрлэх хангалттай хүчин чадалтай мөртлөө БНХАУ-аас чулуун хашлага худалдаж авдаг. Тиймээс замын хажуугийн брожурыг татварын зохицуулалтад оруулсан. Үүнээс гадна төмс хүнсний  ногооны хувьд өмнө нь хаврын эд тариалалтын үед манайх импортын тариф тэглэдэг байсан. Гэтэл  хөдөө аж ахуй баримталж буй бодлогоор байгуулсан  хүнсний ногоо хадгалах  зоориуд нь  их хэмжээ импортын ногоогоор дүүрдэг. Хаврын тариалалт намрын ургац хураалтын үеэр манай тариаланчдад  ногоогоо хадгалах сав болон борлуулалтын боломж хумигдаж байдаг гэсэн үг. Энэ удаа импортын тарифын зохицуулалтаар манай   тариаланчдад ногоогоо хадгалах сав болон борлуулалт нэмэгдэх боломж нээгдэж байгаа юм.

-Төмс, хүнсний ногоо, төмөр замын бетон дэрийг 185 дугаар тогтоолд хамруулсан байсан?

-Тиймээ. Төмөр замын бетон дэрээр Монгол Улсыг хангаж чадах үйлдвэртэй болсон. Монгол Улс дотооддоо бетон дэрийг европ стандартаар  өндөр чанартай, технологиор үйлдвэрлэж байна. Гэтэл бид хоёр хөршөөс зөөсөн хэвээр л байна. тиймээс энэ асуудлыг зогсоох үүднээс зохицуулалт хийсэн.

Бас нэгэн жишээ авъя. Монгол Улс 360 сая хэвлэлийн хуудас, хэвлэмэл бүтээгдэхүүний хэрэгцээ бий. Дотоодын үйлдвэрлэгчид үүнийг нэг нугалах хэмжээний, 731 сая ширхэг материал хэвлэх чадамжтай. Гэтэл дотоодын зах зээлийн 40-45 хувийг л үйлдвэрлэгчид маань хангаж, бусдыг импортоор орлож байна.

Тиймээс дотооддоо бүрэн үйлдвэрлэх боломжтой бараагаа дэмжих үүднээс импортын татварын зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.

undefined

-Гэхдээ импортын барааны үнэ өсөхөөр, дотоодын үйлдвэрлэгчид ч дагаад үнээ нэмэх юм биш үү. Өнгөрсөн жилүүдэд татварын зохицуулалтын үр дүнг судалсан уу?

-Судалгаа явуулсан. Мэдээж импортын барааны үнийг дагаж дотоодынхон үнээ өсгөх асуудал үүсэх вий гэдгийг урьдчилан тооцоолсон. Дотоодын үйлдвэрлэгчдэд эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлж зах зээлээ өргөжүүлэх боломж гарч байна гэдгийг хаа хаанаа ойлгож байгаа. Үнийг тогвортой байлгах талаас ирэх долоо хоногт 185 дугаар тогтоолд орсон бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй энэ асуудлаар бид  уулзалт  зохион байгуулна.

-Өмнөх таван бүлгийн бараанд зохицуулалт хийснээр ямар үр дүн гарсан юм бэ?

-Өмнө нь таван бүлгийн бараанд татварын зохицуулалт хийж байсан. Үүний нэг хэсэг болох цемент, зөгийн бал гэх мэт гурван төрлийн бараанд  судалгаа явуулсан. Энэ хугацаанд импортоор орж ирж буй зөгийн балны хэмжээ буурсан. Мөн зөгийн бал, цементийн үнэ өсөөгүй болох судалгааны дүн гарсан..

Одоо зохицуулалт хийж буй 14 бүлгийн 28 зүйлийн 100 гаруй нэр төрлийн  барааны судалгааг ч гэсэн бид дараа нь танилцуулна.  

-Татварын зохицуулалт хийснээр эдийн засагт хэдий хэмжээний орлого нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоолол бий юу?

-Тооцоо явуулдаг. Ямар ч байсан 20-30 хувийн тогтмол өсөлт харагддаг. Мөн энэ хэмжээгээр импортын бараа буурдаг. Татварын зохицуулалт хийснээр дотоодын үйлдвэрлэгчид борлуулалтаа өргөтгөж,  зах зээлээ тэлэх бололцоо гардаг.

-Нэг талаас худалдан авалт тааруу байгаагаас импортын бараа буурч байгаа гэж харахаар байна л даа?

-Мэдээж эдийн засгийн хүндрэлээс болж худалдан авалт буурсан. Үүнээс хамааралтайгаар импортын хэмжээ буурсан үзүүлэлт бий. Үүнийг нарийн тооцох хэцүү. Гэхдээ зах зээл дээр дотоодын бүтээгдэхүүн гарч ирэх боломжийг татварын зохицуулалтаар олгож байгаа. Тиймээс энэ орон зайг дотоодын үйлдвэрлэгчид үнээ нэмэхгүйгээр борлуулалтаа ихэсгэх замаар яаралтай эзэлж авах, бүтээгдэхүүндээ хэрэглэгчдийг дасгах боломж гарна. Энэ бол эдийн засгийн хүндрэлтэй үеэс гаргах болох бидний ашиг.

-Дараагийн ээлжид ямар төрлийн бараанд импортын татвар оногдуулах вэ?

-Судалгаан дээр ажиллаж байна. Барилгын төмөр хийцийг  БНХАУ-аас зөөдөг. Хятадын компаниуд төлбөрөө бүтэн жилийн дараа төлж болох нөхцөл өгдөг юм билээ. Тиймээс дотоодоос бус Хятадаас карказ зөөхийг илүүд үздэг. Гэтэл Монголд төмөр хийцийг өндөр хэмжээнд үйлдвэрлэдэг 6-7 компани бий. Тиймээс энэ асуудлыг шийдэхээр татварын зохицуулалтад оруулахаар ажиллаж байна.






Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Харъяа байгууллагууд


© 2018. Аж үйлдвэрийн яам. Бүх эрх хуулиар хамгаалагдсан