“MADE IN МОNGOLIA”-аар бахархах цаг айсуй

2016-04-28 18:07:00

Импортын зарим барааны гаалийн татварыг нэмэгдүүлж, үндэсний үйлд­вэр­лэл борлуулалтыг дэмжсэн  хоёр дахь тогтоол гарлаа. Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн дархлааг сайжруулахад хүчтэй дэм болох энэхүү тогтоолын талаар янз бүрээр л нийгэм хүлээж авч байна. Зөв үү, буруу юу гэдэг энэ асуултад тохирсон хариултыг одоо дотоодын үйлдвэрийнхэн үйлдлээрээ харуулах учиртай. 

Дотоодын зах зээлийг хамгаалахаас гадна үндэсний үйлдвэрүүдийн өсч өндийх өргөтгөн тэлэгдэх, өнгө зүсээ нэмэх энэ шийдвэрийг тэд л овжин ашиглаж, эх оронч худалдан авалт болон үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүндээ иргэдээ дасгах ажлыг зохион бай­гуу­лалт­тай хийх цаг нь иржээ. 1999 оноос хойш хэн ч гар хүрээгүй  байсан  импортын гаалийн татварын үр дүнг үндэсний гэх тодотголтой компаниуд  харуулна гэж итгэж, эдгээр компаниудаа дэмжиж худалдан авалт хийгээсэй гэж монгол хүн бүрт найдаж байна. Гэхдээ энэ тогтоол гарлаа гээд импортын бараа хэрэглэх эрхийг ор тас  хааж байгаа хэрэг биш. Бидэнд сонголт нь мэдээж хэвээр үлдэнэ. Монгол Улс даяар хаврын тариалалт эхэлчихсэн байгаа энэ үед өмнөх жилүүдэд гаднаас орж ирж байгаа төмс хүнсний ногоо гэхэд л импортын тариф тэг байдаг. 

Харин одоо 20 хувь. Насаараа тариан талбайд ногоо тарьж хөдөлмөрлөсөн хүнсний ногооны үйлдвэр эрхлэгчид  одоо тооцоогоо бодох хэрэгтэй. Нэгэн жишээ дурьдая. Хаврын тариалалт эхэлж, нийлүүлэлт бага зэрэг хумигддаг энэ үе дотоодын зах зээлд төмсний нийлүүлэлт тооцоолсон хэмжээнээс ихэсчихээд байгаа аж. Учир шалтгаан юунаас болсон яасан ийсэн талаар судлаад үзтэл зарим нэг овжин нөхөд Хятадаас их хэмжээний төмс оруулж ирээд зоорилж орхижээ. 

Харин түүнийгээ дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн мэтээр сурталчлан, монгол төмстэй холиод зах зээлд худалдаж байсан гэдэг. Бас нэг жишээ. Монгол Улсад их бүтээн байгуулалт өрнөж буй. Тэр ч утгаараа барилгын салбарын бүтээгдэхүүний эрэлт ихэсч, цементийн хэрэглээ огцом нэмэгдсэн. Энэ байдлыг олж харсан зарим нэг хүмүүс Хятадаас бүтээгдэхүүнээ оруулж ирдэг цементийн үйлдвэр байгуулчихаад “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошго хадаад зарж байсан тохиолдол ч бий гэнэ лээ. Иймэрхүү тохиолдол олон бий. 

Хятадаас оруулж ирчихээд Монголд үйлдвэрлэв гэсэн шошго хадчихсан гэдгийг бид мэдсэн атлаа мэдээгүй юм шиг хэрэглэж, идэж, уусаар өнөөдрийг хүрлээ. Гэвч алийн болгон бид өөрсдийгөө хуурах би­лээ. Гад­наас төмс оруулж ирж хөр­сөнд хут­га­­чи­хаад монгол гэж сур­тал­чил­саар явах гэж үү. Би­дэнд төмс хүнс­ний ногоогоо өөрс­дийн­хөө үрээр тарих бо­ломж, өр­сөл­дөх чад­вар хан­галт­тай бий. Хямд гэ­дэгт л хуур­таж нэг жи­лийн нас­гүй ба­рил­га барьж, өөрийн ходоо­доо үр­гэлж хуурч амь­дар­на гэж юу бай­хав. Үүнийг өөрчлөх цаг нь болсон байна. 2015 оны долдугаар сард Засгийн газар импортын зарим барааны гаалийн татварыг нэмэхдээ цементийн гаалийн татварыг нэмснээр цементийн импорт 46 хувиар буурсан сайхан мэдээ дуулгав. 

Эсрэгээрээ бид 1.2 тэрбум төгрөгийн цементийг экспортолсон байгаа юм. Цемент, зөгийн бал зэрэг цөөхөн хэдхэн барааны гаалийн татварыг нэмснээр 82 тэрбум төгрөгийн гадагшлах урсгалыг зогсоож чаджээ. Төрийн зөв бодлого нүдээ олж чадсаны бодит жишээ энэ. Хоёр дахь бодлогын хүрээнд 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний гаалийн албан татварыг 5-20 хувиар нэмэг­дүүлснээр Хятадаас их хэм­жээний төмс оруулж ирж дардаг, Хятад цементийг “Монголд үйлдвэрлэв” хэмээн зах зээлийн үнээс хямдаар борлуулдаг сөрөг байдал арилж, импортын бараанд зах зээлээ булаалгаад байсан дотоодын олон зуун үйлдвэрлэгчид зах зээлээ хамгаалж үлдэх боломжтой болох юм. 

Энэ бодлого хэрэгжиж эхэлсэн даруйд мэдээж эсэргүүцэх, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь гэсэн мессэжийг тараах нь ойлгомжтой. Гэвч Засгийн газраас нэрлэсэн эдгээр 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг бүгдийг нь Монгол Улс дотооддоо хийгээд сурчихсан, үнэ хямд, чанарын хувьд гадны бүтээгдэхүүнээс хол илүү. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих нь буруу гэж үү. Импортын тариф нэмэхээр барааны үнэ өсдөг ч гэдэг юм уу, янз бүрээр тайлбарлах нь вий. Гэхдээ нэг үеэ бодвол хүмүүсийн хэрэглээ цэгцэрч байгаа. Замбараагүй эрэлт хумигдаж байгаа үед бараа бүтээгдэхүүний үнэ өсдөггүй гэсэн эдийн засагчдын судалгаа байдгийг энд онцлох нь зөв болов уу. 

Төгрөгийн гадагшлах урсгалыг зогсоох нь 


Импортын ижил төрлийн бараа бүтээгдэхүүний гаалийн албан татварыг нэмснээр эдийн засагт орох үр ашиг юу байна вэ гэдэг энгийн асуулт эндээс урган гарна. Тэгвэл сүү, сүүн бүтээгдэхүүний импортын татвар бараг гурав дахин, ноосон эдлэлийнх хоёр дахин, төмс хүнсний ногоо, тавилгын импортын татвар дөрөв дахин нэмэгдсэнээр эдийн засагт орох үр өгөөж нь 280 орчим тэрбум төгрөгийн гадагшлах урсгалыг зогсооно гэсэн тооцооллыг салбар яамны зүгээс гаргаад байгаа юм. Мөн эдгээр 100 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг 2000 орчим аж ахуйн нэгжийг төр бодлогоор хамгаална гэсэн үг. Өнгөрсөн жил ДНБ 2.3 хувиар өсчээ. Гэтэл импорт 2012 оноос 44 хувиар агшчихсан байгаа нь бид цементээ өөрсдөө хийгээд, хүнсний бүтээгдэхүүнийхээ нэлээд хувийг дотоодоосоо хангадаг болсны гавьяа. Хүнсний импорт л гэхэд гурван жилийн дотор 100 орчим сая ам.доллараар буурсан байгаа юм. Энэ мэтчилэн импортыг орлох үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд нэлээд сайжирлаа. Цаашид ч хөгжинө. 


Дотоодын үйлдвэрлэл хөгжих орчныг дэмжиж байгаа ханш хамгийн зөв ханш хэмээн эдийн засагчид дүгнэдэг. Халамжийг дэмждэг бодлоготой, үйлдвэрлэгчдээ хамгаалах бус харин ч татвараар дарамталдаг байдлаар явбал бидний ирээдүй цаашдаа ч бүрхэг болно. Аж үйлдвэржих, ялангуяа экспортын чиглэлийн үйлдвэрлэл хөгжүүлэхийн тулд үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг хүчээр бариад байх биш, харин ч сулрахыг зөвшөөрч, дотоодын бараа бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга хэрэглэсэн орнууд бий. Азийн бар гэж нэрлэдэг бүх орон ийм бодлого баримталсан.


 

Монгол Улсын дундаж давхарга өөрсдөө бараагаа үйлдвэрлээд, түүнийгээ хэрэглэдэг, гадаадад экспортолдог болохын хэрээр эдийн засаг маань тогтвортой хөгжих боломжтой юм. 1990 онд манайд импортыг орлуулах нөхцөл боломж байгаагүй. Импортыг орлохын тулд үйлдвэр, мэдлэгтэй боловсон хүчин, бүтээгдэхүүнийг нь хэрэглэдэг зах зээл байх шаардлагатай. Өнөөдөр энэ бүхэн бэлэн байна. Бид импортыг орлоод зогсохгүй, экспортыг нэмэгдүүлэх хэрэг­тэй бөгөөд импортыг орлохоос хэд дахин хүнд ажил. Гэвч энэ талаар бид шат шатаар ахиж буй. Өнгөрсөн мягмар гарагт сүүний салбарынхан зөв­лөлдөх үеэр 3.1 мян.тн хуурай сүү импортолсныг шингэн сүүнд шилжүүлэн тооцвол 27 сая литр орчим байгаа нь үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний 40 хувь, нийт хэрэгцээний 5.5 хувийг эзэлж гэсэн тоон мэдээг танилцууллаа. 

Өмнөх онтой харьцуулахад импортын хурааны сүүний хэрэглээ буурсан ч бодлогоор дэмжээд өгвөл импортын хуурай сүүнээс бүрэн татгалзаж, дотоодын хэрэгцээгээ хангахын тулд үйлдвэрлэгчид технологио бүрэн шинэчилж, эрчимжсэн буюу сүүний чиглэлийн үйлдвэр хөгжүүлэх бүрэн боломжтойг дуулгасан юм. Гаалийн албан татварыг нэмж дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалах бодлого дан ганц цөөхөн хэдхэн аж ахуйн нэгжид өгөөж болж очдог зүйл биш. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн, импортын хэрэглээг багасгасан өөрсдөө дотооддоо гутал хувцсаа хийгээд өмсчихдөг болсон цагт хүссэн ч эс хүссэн ч ам.долларын ханш суларч, эдийн засаг дан ганц уул уурхайгаас хараат байдлаасаа гарах учиртай. 

Дотоодын үйлдвэрлэл хөгжих орчныг дэмжиж байгаа ханш хамгийн зөв ханш хэмээн эдийн засагчид дүгнэдэг. Халамжийг дэмждэг бодлоготой, үйлдвэрлэгчдээ хамгаалах бус харин ч татвараар дарамталдаг байдлаар явбал бидний ирээдүй цаашдаа ч бүрхэг болно. Аж үйлдвэржих, ялангуяа экспортын чиглэлийн үйлдвэрлэл хөгжүүлэхийн тулд үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг хүчээр бариад байх биш, харин ч сулрахыг зөвшөөрч, дотоодын бараа бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга хэрэглэсэн орнууд бий. Азийн бар гэж нэрлэдэг бүх орон ийм бодлого баримталсан. Герман, Япон ч адил. Дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж чадсан орнуудад бүгдэд нь үйлчилсэн ганц зүйл нь өрсөлдөх чадвартай барааг өөрсдөө үйлдвэрлэдэг болтлоо ханшаа чангаруулаагүй байдаг аж. 

Ханш суларснаар дотоодын үйлд­вэр­лэ­лийн гадаад зах зээл дэх өрсөлдөх чад­ва­рыг нэмэгдүүлдэг. Харин ханшаа чангаруулаад байвал дотоодод юм үйлдвэрлэе гэх сэдэл хэнд ч төрөхгүй бөгөөд үйлдвэрлээд ашиггүй гэдгийг мэдэх учраас тэр юм. Ингэснээр “импортын хараал” гэгчид бид өртөнө. Өртөж явсан цаг үе ч бидэнд бий. Гэхдээ одоо өөр болж байна. Төрийн бодлого одоо л зөв явж эхэллээ. Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалж, тэр хэрээр эдийн засгийн бүх салбарт эерэг үр дүн авчрах ажил эхнээсээ шат дараатай хэрэгжиж байна. Үүнийг мөн ч олон жил хүлээсэн дээ. 

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Өнөртогтох






Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Харъяа байгууллагууд


© 2018. Аж үйлдвэрийн яам. Бүх эрх хуулиар хамгаалагдсан