Импортын татвар үндэсний үйлдвэрийг босгоно

2016-05-02 10:42:00

Засгийн газрын 2016 оны Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай 185 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан өчигдөр /2016.04.29-нд/ Аж үйлдвэрийн яам үйлдвэрлэгч, мэргэжлийн холбоодын саналыг сонсох зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү болон холбогдох албаны хүмүүс, мэргэжлийн холбоод, дотоодын үйлдвэрлэгч аж ахуй нэгжийн төлөөлөл бүхий 100 гаруй хүн оролцов.

Аж үйлдвэрийн яам энэ оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд дотоодын үйлдвэрлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх, зах зээлээ хамгаалах зорилгоор шат дараалсан арга хэмжээг авч ажиллаж байгаа юм. Үүний нэг нь Засгийн газрын 185 дугаар тогтоол юм. Энэ оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжих уг тогтоолд  14 бүлгийн 28 зүйлийн 100 гаруй нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнд импортын тарифын зохицуулалт хийхээр тусгажээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь улсын хилээр таван хувийн татвар төлж орж ирдэг байсан импортын 100 гаруй бараа, бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь хэмжээг 15-20 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн нь маргааш өдрөөс эхлэн хэрэгжих болж байна.

Үйлдвэрлэгчид дээрх татварын зохицуулалтад ямар байр суурьтай байгааг хүргэе.

undefined

“ИМПОРТЫН ТАТВАР НЭМЭГДҮҮЛЛЭЭ ГЭЭД БИД ҮНЭЭ ХӨДӨЛГӨХГҮЙ”

“Сүү”  ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга: Үйлдвэрлэл нь хөгжсөн 100 гаруй нэр, төрлийн бүтээгдэхүүний импортын тарифыг нэмэгдүүлсэн нь үйлдвэрлэгч бидэнд маш том дэмжлэг болж байна. Манай хөрш орнууд ч ялгаагүй энэ зарчмаар дотоодын зах зээлээ хамгаалдаг. Жишээ нь, ОХУ сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ импортод 38 хувийн татвар тавьсан байдаг. Харин урд хөршийн хувьд улирлаасшалтгаалаад 5-50 хүртэлх хувийн татвар төлдөг байх жишээтэй. Гэтэл Монгол Улс сүү, сүүн бүтээгдэхүүн импортлоход ердөө тавхан хувийн татвар төлж ирсэн. Засгийн газрын 185 дугаар тогтоол нь цаашид Монгол Улсад үндэсний үйлдвэр хөгжиж, тэлэхэд маш том дэмжлэг болоод зогсохгүй боломж олгож байгааг онцлох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр,импортын тарифын зохицуулалттай холбоотой бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх вий гэсэн болгоомжлол иргэдийн дунд байгаа. Үйлдвэрлэгчдийн хувьд үнэ нэмэгдүүлэх бодлого баримтлахгүй гэдгийг цохон хэлмээр байна. “Сүү” ХК-ий хувьд гэхэд бид үнээ хөдөлгөх бодолгүй. Харин ч бүтээгдэхүүнийхээ чанар, нэр төрлийг нэмэгдүүлэхэд анхаарч, хэрэглэгчдийг хямд бөгөөд чанартай, шинэлэг бүтээгдэхүүнээр хангах зорилт тавин ажиллаж байгаа.

“ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЭРХЗҮЙН ОРЧИН ГЭЖ ХАРЖ БАЙНА”

“Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан: Аливаа улс орон дотоодын үйлдвэрлэлийн зах зээлээ хамгаалсан хуультай байдаг. Эдгээр хамгаалалтын нэг нь гаалийн импортын татварын зохицуулалт юм. Арьс, ширний салбараас Засгийн газрын 185 дугаар тогтоолд ажлын гутал хамрагдсан. Тодруулбал, ажлын гутлынимпортын татварыг 20 хувиар нэмэгдүүлсэн байгаа. Нэгэнт импортын татварын зохицуулалт хийж байгаа бол Гаалийн Ерөнхий газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар зэрэг байгууллагууд хэрэгжилтийг нь хангаж ажиллах ёстой. Энэ тогтоолыг дагалдаж хэрэгжүүлэх механизмыг нь бүрдүүлэх цаашилбал журмууд гарах ёстой гэж харж байна. Засгийн газрын энэ тогтоол нь үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх эрхзүйн орчин гэж харах хэрэгтэй. ОХУ импортын гуталд 5-33 хувийн татвар тавьдаг. Тэгэхээр Монголын 20 хувийн зохицуулалт өндөр хувь биш. Хамгийн гол нь 20 хувиа авах механизмыг буй болгох хэрэгтэй.

undefined

“ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭГЭЭ БҮРЭН ХАНГАХ БОЛОМЖТОЙ”

Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал О.Лхагвадорж: Барилгын голлох 45 нэр, төрлийн материалын 70 хувийг дотооддоо үйлдвэрлэж,  30 хувийг нь импортоор авч байна. Аж үйлдвэрийн яамны зүгээс дотоодын үйлдвэрлэгчдийн зах зээлийг хамгаалсан шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Засгийн газрын 332 дугаар тогтоолд цемент багтсан. Цементийн импортын татвар таван хувь байсныг нь 20 хувь болгож нэмэгдүүлсэн. Цементийн асар том хүчин чадалтай дөрвөн үйлдвэр байна. Бид жилд 500 мянган тонн цемент үйлдвэрлэдэг байсан бол одоо дөрвөн сая тонн хүртэлх цемент үйлдвэрлэхэд бэлэн болсон. Дотоодын зах зээлийг зайлшгүй хамгаалах ёстой. Энэ удаагийн 185 дугаар тогтоолд 20-иод нэр төрлийн барилгын материал багтсан. Цаашид эдгээр тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах нь чухал. Судалгаа, тооцоо хийсний үндсэн дээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадах бараа, бүтээгдэхүүнийг л тогтоолд хамруулж байгаа. Гэтэл зарим хүмүүс дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байж импортын татварыг нэмэгдүүллээ гэж шүүмжилж байна. Тэгвэл 185 дугаар тогтоолд багтсан 20-иод нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний тухайд үйлдвэрлэгчид дотоодын хэрэгцээг бүрэн хангах чадамжтай төдийгүй үнээ өсгөхгүй гэдгийг хэлмээр байна. Чанараараа бид гадаадын зах зээлд өрсөлдөж чадна.

“ЭХ ОРОНЧ” ТОГТООЛ БОЛСОН

“Сав баглаа, боодлын үндэсний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Төмөрчулуун: Энэ тогтоол цагаа олсон, маш зөв алхам боллоо. Шуудхан хэлэхэд “эх оронч” тогтоол болсон. Импортын татварыг нэмэгдүүлэх талаар бид өчнөөн жил яриад биелүүлж чадаагүй байсан. Харин бидний хүслийг Аж үйлдвэрийн яам биелүүллээ. Үйлдвэрлэгчид үнээ нэмж болохгүй. Энэ бол төр нь  үйлдвэрлэгчдэдээ итгэснийх. Тэгвэл бид өрсөлдөх ямар ч боломжгүй. Харин чанараараа өрсөлдөх ёстой. Сав, баглаа боодлын хэрэгцээний 40 хувийг дотоодын үйлдвэрлэгчид хангах боломжтой. Жижиг, нарийн хэвлэх, хаяг, шошго 100 хувь хангана. Уут гэхэд дотоодын хэрэгцээний 80-100 хувь хангах боломж бидэнд байна. Сав, баглаа боодлын үйлдвэрлэгчид Европ технологиор үйлдвэрлэж байна шүү дээ. Бид чанарын хувьд 100 хувь баталгаа өгч чадна. Бүтээгдэхүүнийхээ дээжийг бид тухай бүрт нь олон улсын чанарын итгэмжлэгдсэн лабораторидшинжлүүлдэг. Иргэд л өөрсдөө ойлголтоо засах хэрэгтэй. “Монголд үйлдвэрлэсэн юм чинь ямар олиг байх вэ” гэдэг ойлголтоосоо салж, “Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдаж авах” хандлага руу шилжих цаг нь иржээ. Засгийн газрын энэ тогтоол өрсөлдөх чадварыг шууд нэмж байна. Бид өмнө нь хэчнээн үйлдвэрлээд гадны хямд үнэтэй бараатай шударгаар өрсөлдөж чаддаггүй байсан. Харин энэ удаад төр биднийг “ташуурдлаа”. Гэхдээ өвтгөх гэж биш хөдөлгөх гэж “ташуурдлаа”.

“НЭГДСЭН БОДЛОГООР ХӨГЖИХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ”

“Даблвүүд” ХХК-ий ерөнхий  захирал Л.Дагвадорж: Монголын үндэсний үйлдвэрлэгч компаниудад томоохон дэмжлэг болж байна. Нэгдүгээрт энэ тогтоол гарсантай холбогдуулж үйлдвэрлэгчид үнээ өсгөхгүй байх ёстой. Хоёрдугаарт чанар, стандартад нийцсэн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй. Гуравдугаарт үйлдвэрлэгчдэд нэг бодлогоор хөгжих боломжийг олгож байна. Дотоодын зах зээлээ хамгаалаад зогсохгүй ажлын байрыг нэмэгдүүлж байгаа хэрэг. Одоогоор 300 орчим аж ахуй нэгж модон, хаалга тавилга үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж байна. Дээрх үйлдвэрүүд зах зээлийн эрэлтийн 50 хувийг үйлдвэрлэж байгаа судалгаа бий. Үлдсэн 50 хувийг бид энэ бодлогын хүрээнд хангах боломжтой. Хүмүүс “Та нар хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах уу” гэж асуудаг. Тэгвэл өнөөдөр модон эдлэл, хаалга, тавилгыг бид Итали, Герман технологиор үйлдвэрлэж байна. Тиймээс чанарын хувьд эргэлзэх шаардлагагүй.

“ХҮН АМЫГ БАТАЛГААТАЙ ХҮНСНИЙ НОГООГООР ХАНГАНА”

“Монголын ногоочдын холбооны тэргүүн Ц.Алтанцацралт: Газар, тариалан, жимс, хүнсний ногооны салбар бол Монгол Улсын хүн амын хүнсний аюулгүй байдалтай шууд холбогддог. Харамсалтай нь, импортын жимс, хүнсний ногоо зах зээлд давамгайлсан хэвээр байна. Өмнө нь тавхан хувийн татвартай байсан нь үндсэндээ хятад хүнсний ногоог дэмжиж буй хэлбэр юм шүү дээ. Харин Аж үйлдвэрийн яам төмс, шар лууван, шар манжин, бөөрөнхий байцаа, сонгино болон сонгины төрлийн бусад ногооны татварыг 20 хувиар нэмэгдүүлсэн нь зөвхөн ногоочдыг дэмжээд зогсохгүй хүн амын аюулгүй байдалд анхаарч буй алхам юм. Цаашид дөрвөн улирлын туршид хүлэмжийн аргаар тариалалт эрхэлж, дотоодын хэрэгцээг эрүүл, баталгаатай жимс, хүнсний ногоогоор хангадаг болоход төр бодлогоо чиглүүлэх хэрэгтэй.

Эх сурвалж: www.news.mn

Г.ХОРОЛ






Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Харъяа байгууллагууд


© 2018. Аж үйлдвэрийн яам. Бүх эрх хуулиар хамгаалагдсан