Үндэсний үйлдвэрлэгчдэд урам нэмсэн 185 дугаар тогтоол

2016-05-02 10:46:00

Аливаа улс орон үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөл бүрдүүлснээр эдийн засгийн өсөлт нь сэргэж, ард түмний амьдрал дээшилдэг. Ялангуяа үндэсний үйлдвэрлэгчдийнхээ үйлдвэрлэдэг ижил төстэй гадаадын бараа бүтээгдэхүүнд гаалийн албан татвар ногдуулж дотоодын үйлдвэрлэлээ хамгаалдаг олон улсын жишиг бий. 

Энэ  бодлогын хүрээнд 2016 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын “Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай” 185 дугаар тогтоол гарсан билээ. Уг тогтоолоор  14 нэр төрлийн 100 гаруй бараа бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг 5-15 хувиар нэмэгдүүлсэн юм. Үүнээс өмнө Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолоор мах, дайвар мах, зөгийн бал, нөөшилсөн бүтээгдэхүүн, цемент, троллейбус зэрэг таван нэр төрлийн 10 гаруй барааны импортын гаалийн албан татварыг нэмсэн байдаг. Ингэснээр, цемент, үхрийн мах, зөгийн балны импорт, экспортод дүн шинжилгээ хийхэд 82.5 тэрбум төгрөгийн гадагшлах урсгалыг зогсоож, 3.2 тэрбум төгрөг төсөвт оруулсан эерэг үзүүлэлт гарсан гэж Аж үйлдвэрийн яамнаас мэдээлж буй. 

Тухайлбал, цементийн импорт 46 хувь буюу 82 тэрбум төгрөгөөр буурч, экспорт 1.2 тэрбум төгрөгөөр, үхрийн махны импорт 40 хувь хүртэл буюу 84 сая төгрөгөөр буурч, экспорт 65 хувь буюу хоёр тэрбум төгрөгөөр, зөгийн балны импорт 460 сая төгрөгөөр буурч экспорт 10 дахин буюу 41 сая төгрөгөөр тус тус нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна.  

Засгийн газрын “Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай” 185 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан Аж үйлдвэрийн яамны санаачилгаар мэргэжлийн холбоод, үндэсний үйлдвэрлэгчдийн уулзалт-зөвлөгөөн болж үйлдвэрлэл эрхлэхэд тулгарч буй бэрхшээл  болон цаашид хийх ажлын талаар ярилцсан юм. 
Энэ үеэр тус уулзалт-зөвлөгөөнд оролцож буй үндэсний үйлдвэрлэгчдийн байр суурийг тодрууллаа.

Б.Гантулга: Үйлдвэрлэгчдийг дэмжиж импортын хуурай сүүний татварыг  нэмээгүй

 /“Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал/

Сүүгээр тараг, зайрмаг, цөцгийн тос, бяслаг, аарц  зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Одоогийн байдлаар сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон  аж ахуйн нэгжүүд үйлдвэрийнхээ хүчин чадлын 30 хувийг л ашиглаж байна. Энэ тогтоол гарснаар худалдан авалт нэмэгдэж, үйлдвэрлэлийн хэмжээ өснө. Сүүн бүтээгдэхүүний дотоодын зах зээл дээрх өрсөлдөөн хүчтэй учраас үнэ бол нэмэгдэхгүй. Хуурай сүүгээр үйлдвэрлэл эрхэлдэг олон аж ахуйн нэгж бий. Эдгээр аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийг дэмжиж хуурай сүүний импортын татварыг нэмээгүй байх. Гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал. Тодорхой хугацааны дараа шат дараалалтайгаар нэмэх байх. Монголын үйлдвэрлэгчид үнээ хянаж чаддаггүй. Гол шалтгаан нь ам.долларын ханшийн өсөлт юм. Үйлдвэрлэгчид арилжааны банкнаас валютын зээл авч тоног төхөөрөмж, сав баглаа боодлоо гадаадаас худалдаж авдаг. Ам.долларын ханш үргэлж  хэлбэлздэг. Ингэснээр  бараа бүтээгдэхүүний үнэ эцсийн хэрэглэгчдэд нэмэгдэж очдог юм. Үүнийг хэрэглэгчид ч мэддэг. Сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улсын импортын гаалийн албан татвар таван хувьтай байсан нь додтоодын үйлдвэрлэгчдээ гаргуунд нь хаясантай ялгаагүй. Тэгвэл ОХУ-д  38 хувь, БНХАУ-д 35-50 хувийн гаалийн албан татвар төлж, сүүн бүтээгдэхүүн экспортолдог юм.  

О.Лхагвадорж: 185 дугаар тогтоол валютын гадагшлах урсгалыг зогсооно
               
 /Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал/ 

Засгийн газрын 185 дугаар тогтоолоор барилгын материалын үйлдвэрлэлд хамаарах 20 гаруй бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмсэн. Эдгээр нэр төрлийн бүтээгдэхүүнээр  үйлдвэрлэгчид маань дотоодын зах зээлийг бүрэн хангадаг. Ингэснээр их хэмжээний валют гадагшлах урсгалыг зогсооно. Нөгөөтэйгүүр, дотоодын үйлдвэрлэгчдийн цалин хөлс нэмэгдэж, ажлын байр нь тогтвортой хадгалагдах нөхцөл бүрдэнэ. Мөн барилгын материал үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ үнийг  нэмэхгүй гэж хэлэлцэж тохирсон. Ер нь, сүүлийн таван жилийн хугацаанд барилгын материал үйлдвэрлэгчид үнээ нэмээгүй. Одоо ч нэмэхгүй. 
Импортын гаалийн албан татвараар  дотоодын барилгын үйлдвэрлэл хамгаалагдсанаар барилгын компаниудад эерэг нөлөөлнө. Энэ тогтоол нь шинэ орон сууцны үнийг буулгахад нэг том хөшүүрэг болно гэж бодож байна. Манай Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос дахин 10 гаруй барилгын бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг нэмэх саналыг Аж үйлдвэрийн яаманд тавьсан. Жишээлбэл, барилгын хэв хашмал, барилгын бүх төрлийн хуурай хольц гэх мэт.

Б.Төмөрчулуун: Чанартай бараа, бүтээгдэхүүнийг маш сайхан “хувцаслах” хэрэгтэй

/Монголын сав, баглаа, боодол үйлдвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн/

Монголчууд “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг. Одоо үед ус, сүү болон махыг ч савлаж зардаг болсон. Тухайн бүтээгдэхүүн чанартай, хүнд ач тусаа өгч байвал маш сайхан “хувцаслах” хэрэгтэй. “Чанар” гэдэг зүйлээр  ганган чамин хувцаслах нь чухал. Бараа, бүтээгдэхүүнээ олон улсын чанарын лабораторт шинжлүүлэхэд  шаардлага хангаж тэнцдэг байх ёстой. Багануурын нүүрсний уурхайд ажиллаж,  мөн хувийн бизнес эрхэлж байсан хүн Аж үйлдвэрийн яам толгойлсноор үйлдвэрлэгчдийн жаргал зовлонг маш сайн ойлгож байна. Д.Эрдэнэбат сайдад асуудлыг ойлгуулах гэж цаг алдах шаардлагагүй. Чихэнд нь дуулгаж чадвал л шийдвэрлэж байна. Энэ бол маш сайн чанар. Манай холбооны гишүүн үйлдвэрлэл эрхлэгчид үнэ нэмэхгүй талаар санал нэгдэж, ижил төстөй импортын бараанд 20 хувийн гаалийн татвар ногдуулах саналыг Аж үйлдвэрийн сайдад тавьсан. Бидний хүсэлтийг хүлээн авч Засгийн газрын 185 дугаар тогтоол гарсанд үндэсний үйлдвэрлэгчид баяртай байна. 

Л.Даваадорж: Энэ тогтоол ажлын байрны тоог нэмэгдүүлнэ
                                        
/“Double wood” компанийн ерөнхий захирал /

Засгийн газрын 185 дугаар тогтоол үндэсний үйлдвэрлэгч компаниудад ихээхэн дэмжлэг болсон гэж аж ахуй эрхлэгчид үзэж байна. Энэ тогтоолын дагуу гурван асуудлаар үндэсний үйлдвэрлэгчид хамтран ажиллана. Нэгдүгээрт, үнэ нэмэхгүй, бараа бүтээгдэхүүнээ стандартын дагуу чанартай үйлдвэрлэнэ. Хоёрдугаарт, “Нэг цонх”-ны  буюу нэгдсэн бодлогоор үйлдвэрлэл эрхлэгчид нэгдэн, үнийн болон чанараар өрсөлдөж, дотоодын зах зээлээ бүрэн хяналтдаа авна. Эцэст нь, олон улсын эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж   хэрэглэгчид хүргэх талаар нэгдсэн ойлголтод хүрсэн. Импортоор оруулж ирж байгаа бүх төрлийн модон хаалга, тавилгын гаалийн албан татварыг  нэмсэн нь дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжсэн явдал юм. Мөн ажлын байрны тоог нэмэгдүүлнэ. Модон хаалга, тавилганы үйлдвэрлэлийн чиглэлээр  300 гаруй аж ахуйн нэгж ажилладаг. Эдгээр аж ахуйн нэгж дотоодын зах зээлийн 50 орчим хувийг үйлдвэрлэдэг гэсэн судалгаа бий. Үлдсэн 50 хувийг импортоор авдаг байв. Тэгвэл Засгийн газрын 185 дугаар тогтоол гарснаар импортоор оруулж ирдэг байсан 50 хувийн зах зээлийг дотоодын үйлдвэрлэгчид эзлэх ёстой. Ингэхийн тулд, үндэсний үйлдвэрлэгчид нэгдэж ажиллана. Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний чанарыг нэгдүгээрт тавьдаг. Олон улсын стандартын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дотоодын олон үйлдвэрлэгч бий гэв.

Ямартай ч зөвлөгөөнд оролцож буй үндэсний үйлдвэрлэгчид маань үнэ нэмэхгүй, бараа бүтээгдэхүүнээ чанартай үйлдвэрлэх хүсэл эрмэлзлэлтэй байгаа нь тэдний ярианаас харагдаж байв. Үүнээс үзэхэд, Засгийн газрын 185 дугаар тогтоол нь үндэсний үйлдвэрлэгчдийн хүсэл сонирхолд нийцэж, цаг үеийн  шаардлагаар гарсан аж.
Эх сурвалж: www.assa.mn






Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Харъяа байгууллагууд


© 2018. Аж үйлдвэрийн яам. Бүх эрх хуулиар хамгаалагдсан