Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн Хятадынхыг давах боломжтой

2016-05-04 10:53:00

-Зөвхөн хүүгийн зөрүүнээс жилд 90 сая төгрөг хэмнэсэн-

Импортын зарим бүтээгдэхүүний татварыг нэмэх Засгийн газрын тогтоол тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Тэгвэл энэ жагсаалтад багтсан хүнд даацын уут үйлдвэрлэгч “Эс Эм Контейнер байг” компанийн гүйцэтгэх захирал Т.Бүтэмжтэй ярилцав. Тэрбээр Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн өрсөлдөх чадвараар Хятадынхыг давах боломжтой гэдгийг онцоллоо.

-Засгийн газар дотоодын зах зээлээ хамгаалахын тулд импортын бүтээгдэхүүнд ахиу татвар ногдууллаа. Энэ шийдвэр үндэсний үйлдвэрлэгчдэд бодит дэмжлэг болж чадах уу?

-Засгийн газрын 185 дугаар тогтоол шууд л өгөөжөө өгч эхэлсэн. Урд хөршөөс уут худалдаж авдаг байсан “Цайрт минерал” компани энэ шийдвэрийн дараа бидэнтэй түншлэхээр болсон. Хүнд даацын уутны импортын татварыг 15 хувиар нэмснээр үнийн зөрүү үүсэж, Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах болсноо тус компаниас мэдэгдсэн юм.

Монгол Улс жилд дунджаар 1.3 сая ширхэг даацын уут хэрэглэдэг. Үүний 760 мянга орчмыг нь дотоодод үйлдвэрлэж байгаа. Манай компанийн хувьд сард 20 мянга, жилд 240 мянган шуудай үйлдвэрлэх хүчин чадалтай. Бид шуудай нэхэх утсаа өөрөө үйлдвэрлэдэг. Бидний гол давуу тал нь энэ.  Хүнд даацын уутны бусад үйлдвэрлэгч утсаа урд хөршөөс худалдаж авдаг. Харин манай компани утасны түүхий эдээ импортолж, үүнийгээ эх орондоо боловсруулаад, шуудай оёдог. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг нефтийн үйлдвэрлэлээс гардаг полиэтилен хэмээх түүхий эдээр хийдэг.  Одоогоор Монголд ийм  үйлдвэр байхгүй тул импортоор авч байна.

Сүүлийн жилүүдэд уул уурхай, зам, барилга эрчимтэй хөгжиж, хүнд даацын уутны хэрэглээ өссөн. Тухайлбал, цементийн үйлдвэрлэл хурдтай хөгжиж буйгаас  шуудайн эрэлт ч өндөр байна. Бас гурил, хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэл тэлж байна. Эдгээр нь бүгд нэхмэл уутны хэрэглэгч. Дотоодын хүнд даацын уут нь багаар бодоход 20 сая ам.долларын хэмжээтэй зах зээл.  Цаашид ч энэ тоо өснө.

           

-Төр бодлогоор борлуулалтаа өсгөх боломжийг үйлдвэрлэгчдэд олголоо. Тэгвэл дотоодын бизнес эрхлэгчид чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах уу?

-Манай компани чанарыг тэргүүнд тавьдаг, олон улсын “Эрдэнэт”, “Оюутолгой” зэрэг компанид бүтээгдэхүүнээ нийлүүлж байсан. Мөн бүтээгдэхүүнийхээ чанарыг Хятадын лабораторид шинжлүүлж байлаа. Манай компанийн хоёр тоннын даацтай уут л гэхэд зургаа дахин их буюу 12 тонныг даах боломжтой нь батлагдсан.  Бид олон улсын стандартын дагуу үйлдвэрлэл эрхэлдэг. Гэхдээ бид чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэхэд хэн батлах вэ гэдэг асуудал тулгамдаж байна. Үүнийг шинжлэн тогтоох, батлах лабораторийн боломж, хүчин чадал сул байна.

-Тэгвэл та Монголын бизнесийн орчинд ямар дүн тавих вэ?

-Бид Хятадыг бизнес эрхлэхэд таатай орчинтой л гэдэг. Гэхдээ өөрсдийн хэмжээнд судлаад үзэхэд Монгол Улсад цалингийн доод хэмжээ 192 мянган төгрөг бол Хятадад 1500 юань буюу 450 мянган төгрөг. Тэгэхээр манайд ажиллах хүч хямд байгаа биз. Бас Монголд татварын хэмжээ бага, цахилгааны үнэ хямд. Ингээд тооцохоор Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн Хятадынхаас өрсөлдөх чадвараар илүү байх боломжтой. Монголд бизнес цэцэглэх боломж байна.

Вакум цонх, сав, баглаа боодлын зах зээлд нэг ийм асуудал тулгарч байгаа.  Хоёр өөр зүйлийг хооронд харьцуулдаг.  Тодруулбал,  хог хаягдлыг дахин боловсруулж, хийсэн зүйлийг манай компанийн шинэ, сайн чанарын материалаар бүтсэн бүтээгдэхүүнтэй харьцуулах юм. Магадгүй хэрэглэгч хоёрдогч түүхий эдээр бүтсэн зүйлийг гаднаас хараад ялгадаггүй байх. Гэвч хоорондоо ялгаатай. Тиймээс вакум цонх, барилгын материал зэрэг химийн үйлдвэрлэлд чанарыг сайтар шалгах шинжилгээний төв байгуулах хэрэгтэй.

-Та уутны түүхий эд нефтийн үйлдвэрээс гардаг гэж хэллээ. Тэгвэл ойрын жилүүдэд нефтийн үйлдвэр Монголд ашиглалтад орох магадлал тун бага байгаа. Энэ хугацаанд  үндсэн түүхий эд болох полиэтилений импортын татварыг хөнгөлбөл та нарт дэмжлэг болох нь ээ?

-Мэдээж хэрэг. Ойрын 5-10 жилд ийм төрлийн үйлдвэр ашиглалтад орох боломж бага байна.  Тэгэхээр дотооддоо нефтиэ нэрэх хүртлээ полиэтилений импортын татварыг хөнгөлбөл бодит дэмжлэг болно.   Ер нь полиэтилений үнэ ч газрын тосны ханшийг даган хэлбэлзэж байдаг. Бас манай компани зөвхөн эцсийн бүтээгдэхүүн бус түүхий эд бэлтгэдэг гэж ярилцлагын эхэнд хэлсэн. Тиймээс манай утсыг аж ахуйн нэгжүүд болон оёдлын үйлдвэрүүд худалдан авч, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Ингэснээр зөвхөн манай компани бус, жижиг, дунд үйлдвэрүүд ч дагаж хөгжинө. Ингэж ганц компани томрох бус хамтдаа кластерын загвараар хөгжих боломж байгаа.

Шинэчлэлийн болон “шийдлийн” Засгийн газар үйлдвэрлэлийг дэмжсэн. Монгол компаниуд тэрбум төгрөгийн зээл авдаг болсон. Хэзээ ийм хэмжээний санхүүжилт төрөөс олгож байлаа. Манай компани л гэхэд “Чингис” бондын хөрөнгөөс 800 сая төгрөгийн зээл саяхан авч, технологийн шинэчлэл хийж байгаа. Ингэснээр бид зөвхөн хүүгийн зөрүүнээс жилд 90 сая төгрөгийн хэмнэлт хийж байна.

 Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин  






Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Харъяа байгууллагууд


© 2018. Аж үйлдвэрийн яам. Бүх эрх хуулиар хамгаалагдсан