“Засгийн газар алсыг харсан шийдвэр гаргалаа”

2016-05-05 09:40:00

Засгийн газраас 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний импортын татварыг нэмсэн. Энэ хүрээнд эрдэс чулуун хөвөнгийн гаалийн албан татварыг 10 хувиар өсгөж, 15 хувь болгосон юм. Ингэснээр үндэсний үйлдвэрлэгчдэд үүсч буй боломжийн талаар “Монгол базальт” компанийн ерөнхий захирал Л.Ариунболдтой ярилцлаа.

undefined-Засгийн газар дотоодын зах зээлээ хамгаалахын тулд 100 гаруй төрлийн бүтээгдэхүүний импортын татварыг нэмэв. Энэ шийдвэр үндэсний үйлдвэрлэгчид дотоодын зах зээлээ эргүүлэн авахад, цаашлаад хамгаалахад дэмжлэг болох уу?

-Таны асуултад ганц жишээгээр хариулъя. 1990-ээд оны үед хүмүүс гахай үүрч, ганзагын наймаанд явж байлаа. Тэр үед би автомашины шилний үйлдвэр байгуулж байв. Манайд бараа бүтээгдэхүүн хомс. Цонхны шил нь хагарсан автомашинууд цөөнгүй. Троллейбусны цонхны шил хагараад, оронд нь нимгэн төмөр бэхэлчихсэн, хүмүүс битүү төмрийн цаанаас буух буудлаа харалгүй өнгөрч байв. Тиймээс үйлдвэр байгуулж, зургаа, долоон жил дотоодын зах зээлээ хангасан. Гэтэл Хятадаас хэд дахин хямд үнэтэй шил орж ирээд, бут цохичихсон. Тухайн үед Засгийн газрын энэ шийдвэр шиг хамгаалалт байсангүй. Ингээд л үйлдвэр маань дампуурч, үүдээ барьсан даа. Хэрэв тухайн үед хамгаалчихсан бол шилний үйлдвэр маань хөл дээрээ тогтчих байсан. Надад тохиолдсон энэ ганц явдал Засгийн газрын энэ шийдвэр дотоодын үйлдвэрлэгчдэд ямар чухал болохыг хэлээд өгнө. Тийм ч учраас энэ тогтоолыг талархан хүлээн авч байна.

-Энэ шийдвэрээр зөвхөн үйлдвэрлэгч бус хэрэглэгчид ч аюулгүйн хамгаалалтад орж байгаа гэж Аж үйлдвэрийн яамны удирдлагууд хэлж байсан. Энэ тухайд та юу хэлэх в?

-Зөвхөн үйлдвэрлэгчдийг дэмжээд байгаа юм биш. Давхар хэрэглэгчээ ч хамгаалсан шийдвэр.  Монголын хэрэглэгчид хаана, хэн, юугаар хийсэн нь үл мэдэгдэх барааг “Зуун айл” барилгын материалын захаас авахаа болино. Буух эзэн, буцах хаягтай бүтээгдэхүүн худалдаж авдаг болно. Ингэж хэрэглэгчээ чанаргүй бүтээгдэхүүнээс хамгаалж байгаа юм.

Бидний хэдэн үйлдвэрлэгч гаалийн албан татварыг нэмэх хүсэлтийг сүүлийн 20 жил үе үеийн Засгийн газарт тавьж байна. Харин хэн ч хийгээгүй зоримог алхмыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн удирдсан энэ Засгийн газар хийж чадлаа. Сүүлийн хэдэн жил Монгол наймаачин давамгайлсан улс байлаа. Тиймээс ч сонгогчдын дийлэнх нь наймаачин тул хийж зүрхэлдэггүй байсан байх. Гэтэл сонгууль ойртсон энэ үед Засгийн газар, Аж үйлдвэрийн яам ингэж зоригтой хөдөлж чадлаа. Энэ бол улс орны алсыг харсан шийдвэр. Мэдээж импортын татварыг өсгөлөө гээд өргөс авсан мэт байдал эрс өөрчлөгдөхгүй. Ерөнхий утгаараа аж үйлдвэрийн салбарт маш олон эерэг өөрчлөлт авчирна. Ер нь Аж үйлдвэрийн яамны сүүлийн гурав, дөрвөн жил явуулсан үйлдвэржих бодлогыг дэмжих байгаа. Үр дүнд нь томоохон үйлдвэр үүдээ нээлээ, Монгол Улс аж үйлдвэрийн бодлого, үйлдвэрлэлийг дэмжих хуультай боллоо.  

            -Тэгвэл дотоодын чулуун хөвөн үйлдвэрлэлийн талаар ярилцъя. Үндэсний үйлдвэрлэгчид зах зээлийнхээ хэдэн хувийг эзэлж байна вэ?

-Бид дулаалгын материал үйлдвэрлэлийн зах зээлийн 30 хувийг л эзэлж байна. Гэхдээ нийт хүчин чадлынхаа ердөө 40 хувийг л ашиглаж байгаа. Дотоодын сайн чанарын бүтээгдэхүүнийг импортынхтой харьцуулах нь утгагүй.  Учир импортын бүтээгдэхүүний чанар, орц найрлагын хувь манай хөвөнгөөс ялгаатай. Жишээлбэл, урд хөршөөс импортолж буй хөвөнг домен зуухны хаягдал буюу шаарганаар хийдэг. Уг нь үүнийг орон сууцанд ашиглах хориотой. Бас импортын шилэн хөвөн байна. Энэ бүтээгдэхүүнийг базальт бус элс буюу хаягдал шилнээс гаргаж авдаг бөгөөд Сибирь, Монголын хүйтэн сэрүүн нөхцөлд ашиглах дүрэм стандарт байхгүй. Мөн ОХУ-ын хөвөнгийн тухайд 60 хувь нь базальт, үлдсэн хувь нь шаарга байх жишээтэй. Тэгэхээр манай компанийн үйлдвэрлэж буй 100 хувь чулуун, цэвэр базальтан хөвөнтэй яаж эднийг харьцуулах вэ.  Өөрөөр хэлбэл, бид ямааны цэвэр ноолууран цамц хийж байхад Хятад синтетик, ОХУ хагас синтетик бүтээгдэхүүн хийж, түүнийгээ цэвэр ноолуур хэмээн үнэлж, борлуулж буйтай адил. Харамсалтай нь, энэ салбар манайд хөгжөөд удаагүй байгаа учраас хэрэглэгчид, барилгын салбарынхны мэдлэг, ойлголт дутмаг байна. Тиймээс импортын бүтээгдэхүүн манай зах зээлийн дийлэнхийг эзэлчихээд байгаа юм.  

-Танай компани бүтээгдэхүүнээ Япон руу экспортлохоор ярьж байсан. Энэ ажил ямар шатандаа явж байна?

-Манай компани Японы зах зээлд бүтээдэхүүнээ гаргахаар “Marubeni”-тэй хэлцэл хийсэн. Туршилтын бүтээгдэхүүнээ ч гаргасан. Бас ОХУ-ын өмнөд нутгууд болон Хятадад нийлүүлэхээр судалж байгаа. Анхан шатны хэлцлээ ч хийж чадсан.  Урд хөршийн эрдэс хөвөнгийн зах зээлийн 80 хувийг шаарган буюу хаягдал материалаар хийсэн бүтээгдэхүүн эзэлдэг. Гэтэл Хятадын эдийн засаг тэлж, хүн амынх нь амьжиргаа дээшилж байна. Үүнээс үүдэн тус улсад тансаг зэрэглэлийн  орон сууцны эрэлт ч өсөж байгаа бөгөөд чанартай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй барилгын материалын хэрэглээ ч тэлж байгаа. Тиймээс манай чанартай бүтээгдэхүүний орон зай Хятадын зах зээлд байна. Манай компани Хятадын тасаг зэрэглэлийн орон сууцны компанитай 1.5 сая ам.долларын гэрээ байгуулаад удаагүй байна. Гэхдээ бид гэрээ байгууллаа гээд санаа амрах бус Хятад, Японы түншүүддээ гологдохгүйн тулд тоног төхөөрөмжөө шинэчилж байгаа. 400-аад мянган еврогийн үнэтэй шинэ шугам нээж байна. Энэ шугам ирэх сард ашиглалтад орно. Хэдийгээр бид ирэх жилээс Италитай хамтран шинэ үйлдвэр байгуулах ч шинэ түншүүддээ илүү чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд энэ шинэчлэлийг хийсэн. Бид Итали улсаас бүрэн шинэ үйлдвэр худалдан авах гэж байгаа. Энэ хүрээнд 8.5 сая ам.долларын зээл авч буй. Энэ санхүүжилтийг татахад Монгол Улсын Засгийн газар, Аж үйлдвэрийн яамнаас ихээхэн дэмжсэн.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин






Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Харъяа байгууллагууд


© 2018. Аж үйлдвэрийн яам. Бүх эрх хуулиар хамгаалагдсан