Б.Золтуяа: Дэмпингийн хуулиар дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, шударга бус өрсөлдөөнийг зогсооно

2016-05-12 10:36:00

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнгөрөгч долоо хоногт УИХ-ын дарга З.Энхболдод Дэмпингийн тухай хуулийн төслийг өргөн бариад буй. Тэгвэл энэ хүрээнд Аж үйлдвэрийн яамны Худалдааны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Золтуяатай ярилцсан юм.

-Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Дэмпингийн тухай хуулийн төслийг өнгөрөгч долоо хоногт Их хурлын даргад өргөн барьсан. Та уг хуулийн ажлын хэсэгт ажиллаж байгаагийн хувьд мэдээлэл өгөөч?

-Манайх ОХУ-аас бараа, бүтээгдэхүүн импортоор оруулж ирлээ гэхэд ОХУ-ын зах зээлээс доогуур үнээр манайд борлуулагдаж байвал үүнийг дэмпинг гэж үзнэ. Аж үйлдвэрийн яамны зүгээс аж үйлдвэрийг хөгжүүлэх, дэмжих чиглэлд шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан. Манай орны хувьд өргөн хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүнийхээ 70-80 хувийг импортоор авдаг. Цөөн үгээр хэлбэл импортын хараат улс. Харин дотоодын үйлдвэрлэлийг сэргээхийн тулд импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц байх шаардлагатай байдаг. Энэ өрсөлдөөнийг хамгаалахын тулд хийгдэж буй ажлуудын нэг нь Дэмпингийн тухай хууль байгаа юм. 2015 оны наймдугаар сараас Аж үйлдвэрийн яамнаас импортын барааны татварын зохицуулалтуудыг хийж эхэлснийг анзаарсан байх. Тухайлбал, 2015 оны наймдугаар сард зөгийн бал, боловсруулсан махан бүтээгдэхүүн гэх мэт цөөн төрлийн бараа бүтээгдэхүүн дээр импортын татвар нь таван хувь байсныг 20 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн.  Үр дүн нь маш сайн гарсан. Үүний үргэлжлэл болгож өнгөрөгч гуравдугаар сард 28 нэр төрлийн бүтээгдэхүүнд импортын албан татварыг 20 хүртэлх хувиар нэмэгдүүлэх арга хэмжээг авсан. Өнөөдрийн манай зах зээлд дэмпинг бий юу гэвэл өөр асуудал. Харин хэрэглэгчийн нүдээр харвал байхын хувьд байгаа гэж үзэж байна.

-Дэмпинг байгаа үгүйг яаж мэдэх юм. Манай улсад ихэвчлэн таны хэлснээр ОХУ-ын зах зээлээс доогуур үнээр манайд борлуулагдаж бараа, бүтээгдэхүүн байгаа юм уу. Харин ч илүү үнэтэй байдаг шүү дээ?

-Шалган нотлох ажиллагаа заавал явуулах ёстой. Уг ажиллагааг явуулсны дараа дэмпингийн үнээр орж ирж байгаа бараа, бүтээгдэхүүн байна уу, үгүй юу гэдгийг тогтооно. Жишээлбэл, таван мянган мянган төгрөгийн үнэтэй гутал, 2-3 мянган төгрөгийн үнэтэй цамц, оёмол сүлжмэлийн бүтээгдэхүүн. Сүүлийн үед архи гэхэд 1000-2000 төгрөгийн хооронд орж ирж байна. Уг хууль гарах үндсэн шалтгаан нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, дэмжихдээ шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоох үүднээс дэмжиж байгаа юм. Түүнээс зах зээлийнхээ горимоор явж буй зүйлийг гажуудуулах гэсэн зүйл огт биш. Манайд экспорт хийж байгаа орон нь өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахын тулд шударга бус өрсөлдөөн бий болговол бид хариу арга хэмжээ авна гэсэн үг. Гол агуулга нь ердөө энэ.

-Дэмпингийн хууль манайд мөрдөгдөх боломж бий юу. Экспортлогч оронд борлуулж буй үнээс доогуур борлуулах боломж манайд байгаа юм уу?

-Шалган нотлох ажиллагаа гэдэг чинь үндсэндээ үүнийг тогтоох юм. Үнэхээр дэмпингийн үнээр орж байгаа юм уу, цаад зах зээлдээ ямар үнэтэй байна. Манайд орж ирэхээрээ хэдэн төгрөг болж байна гэдгийг тогтоох ёстой.

-Тэрийг нь хаанаас тогтоох юм?

-Одоогийн байгаа бүтцээрээ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар тогтоох ёстой. Харин бусад орны хувьд үүнийг шалгадаг тусдаа бүтэц байгууллага ажилладаг юм билээ.

-Манайд тусдаа бүтэцтэй болох юм уу. Бас л орон тоо нэмлээ гээд унах байх даа?

-Одоо байгаа хуулийн төсөлд ямар нэгэн орон тоо нэмэх, тусдаа бүтэц байх шаардлагагүй гэсэн байгаа.

-Манайхан чинь брэнд хэрэглэх дуртай улс. Гадны оронд 100 ам.доллар гэж байгаа зүйлийг монголдоо авч ирээд 300 ам.доллар болгоод зарж байх жишээтэй. Үнийг нь 100 ам.доллар болгох уу. Үүнийг яаж зохицуулах юм. Уг хуульд хамаарах уу?

-Хамаарахгүй. Гадаад зах зээлд өндөр үнэтэй борлуулагдаж байгаа бараа, бүтээгдэхүүн манай зах зээлд орж ирэхээрээ хэтэрхий доогуур үнээр борлуулагдах юм бол үүнийг дэмпинг гэж үзнэ л дээ. Брэнд гэдэг нь тусдаа асуудал. Бид брэнд хувцас үйлдвэрлэж чадахгүй. Тухайлбал, бид өнөөдөр LV-г үйлдвэрлэж чадахгүй. Хамгийн гол нь ижил төрлийн бараа бүтээгдэхүүн гэдэг дээр анхаарах ёстой.

-Шинэ стандарт мөрдөгдөнө гэсэн үг үү?

-Шинээр стандарт бий болгож байгаа юм байхгүй. Хэн хэнд өргөдөл гаргаад, тэр өргөдлийг нь хэн хүлээж аваад, хэн шалган нотлох ажиллагааг хэд хоногийн дотор явуулах вэ гэдэг процедурын хууль байхгүй юу. Дэмпингийн үйл ажиллагаа үйлдвэрлэгч нарын өргөдөл дээр үндэслэн гарах ёстой. Ийм бараа бүтээгдэхүүн манайд тийм үнэтэй байхад тэнд тийм үнэтэй байна гэдэг өргөдлөө гаргана. Уг өргөдлийг нь үндэслэн авсан шалган нотлох үйл ажиллагааг тухай хувийн хэвшилтэйгээ хамтран явуулна. Нийт үйлдвэрлэгчдийн 50-иас дээш хувь нь өргөдөл гаргах ёстой. Олон үйлдвэрлэгч нийлээд холбоогоороо ч юм уу дамжуулаад өргөдөл гаргана. Түүнээс биш ганц байгууллагын өргөдөл үүнд хамаарахгүй. Уг хуульд хэрэглэгчийг хохироох гээд байгаа юм огт байхгүй.

-Гадаадад өндөр үнэтэй борлуулагддаг бараа бүтээгдэхүүн манайд бага үнэтэй байвал үнийг нь нэмж тухайн экспорт хийсэн орныхтой нь адилхан байлгах юм байна. Нэг талдаа татварыг л нэмэгдүүлэх гээд байгаа юм байна гэж ойлголоо?

-Дэмпингийн эсрэг авах арга хэмжээнд импортын татварыг нэмэх асуудал яригддаг л даа. Үнийн зөрүү буюу дэмпингийн ялгаварын хэмжээнээс шалтгаална. Дэмпингийн үнийн зөрүү хэр байх нь вэ гэдгийг тооцоолдог тусгай арга бий. Дийлэнх бараа бүтээгдэхүүн дэмпингийн таван хувь гэж үзэхэд нэмэх нь тав юм уу, арван хувь байх юм.

-Олон улсад ийм жишиг байдаг уу?

-Олон улсад ийм хуулийг хэрэглэдэг. Ялангуяа зах зээлийн эдийн засаг нэлээд хөгжсөн дотоод зах зээл, үйлдвэрлэлээ нэлээд хамгаалдаг. Тэр утгаараа ийм хуультай байдаг. Хуулиа хэрэгжүүлэхийн тулд хичээл зүтгэл гаргадаг юм. Тухайлбал, Дэлхийн худалдааны байгууллага үүсч буй маргаануудын дийлэнх нь дэмпингийн эсрэг байдаг. Ялангуяа Хятадын эсрэг иймэрхүү төрлийн арга хэмжээ авагддаг.

-Энэ хуулийн төсөл батлагдлаа гэж үзвэл эдийн засгийн хувьд хэр үр өгөөжтэй юм бэ?

-Эдийн засаг талдаа үр өгөөжтэй. Учир нь дотоодод үйлдвэрлэгдэж буй бараа бүтээгдэхүүнийг шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах учир эдийн засаг талдаа ашигтай гэж тооцоолж байгаа.

-Уг хуульд тэгэхээр автомашин, тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн, хувцас ч гэдэг юм уу ангилал бий юу?

-Ямар ч бүтээгдэхүүн байж болно. Гэхдээ энэ нь дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах чиглэлд гарч байгаа болохоор манайх дотооддоо автомашин үйлдвэрлэдэггүй тул хамаарахгүй. Хамгийн гол нь монголд үйлдвэрлэгддэг бараа бүтээгдэхүүн дээр хамаарах юм.  

-Манайд бизнестэй гишүүд олон байдаг. Их хурлаар орж ирэнгүүт нь дэмжихгүй байх вий гэсэн болгоомжлол байх шиг байна?

-Монгол Улс 1997 оноос хойш Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орсон. Нэгэн үе манай улс чинь хэрэглээний эдийн засагтай, хэрэглэгч орон байлаа. Одоо нэг үеэ бодоход хувийн хэвшил хөл дээрээ зогсож, өндийх гээд зүтгэж байна. Тиймээс бид шаардлагатай арга хэмжээг нь авч байх ёстой. Дэлхийн худалдааны байгууллагад тусгайлсан хэлэлцээрүүд бий. Хүлээн зөвшөөрөгдсөн  энэ хэлэлцээрүүдийг л бид нутагшуулах боломжийг бий болгож байгаа юм.

-Манайд бага үнээр борлуулж байсан бүтээгдэхүүнийг тухайн орных нь үнээс багаар борлуулж байна гээд бараа бүтээгдэхүүний үнийг өсгөлөө гэдэг зүйл яригдах байх даа?

-Ямар бараа бүтээгдэхүүн гэдэг төрөл зүйлээс нь шалтгаална. Би Монгол хүн. Тиймээс зөөхий хүнсэндээ хэрэглэе гэхэд гаднаас хэтэрхий их зөөхий орж ирээд манайд үйлдвэрлэх боломжийг нь хаагаад бага үнээр борлуулаад байвал үүн дээр зохицуулалт хийнэ.   

-Хуулийн төсөл хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Энэ хууль гарах шалтгаан хийгээд цаг үе нь мөн үү?

-Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд багагүй хугацааг үдлээ. Дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах арга хэмжээг орхигдуулж ирсэнд Аж үйлдвэрийн яам байгуулагдсан цагаас хойш энэ тал дээр анхаарч байна. Эдийн засгийн хямралыг даван туулсан орнуудыг харж байхад өөрсдөө үйлдвэрлэгч болчихсон улсууд байдаг л даа. Нэг зүйлийг тодотгоход импортоор орж ирсэн бүх бараан дээр учиргүй татвар нэмээд байна гэсэн үг биш. Шалган нотлох ажиллагаа явуулж, ямар бараа вэ гэдгээ тогтоох ёстой. Хаврын чуулганаар хэлэлцүүлнэ гэж бодоход ойрын хугацаанд шууд хэрэгжээд явах боломжтой. Чуулганаар хэлэлцэх үед гишүүдээс ямар санал гарах нь вэ гэдгийг бас харах ёстой.

Эх сурвалж: “Өдрийн сонин” Э.ЭНХБОЛД






Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Харъяа байгууллагууд


© 2018. Аж үйлдвэрийн яам. Бүх эрх хуулиар хамгаалагдсан