Үйлдвэрлэгчдээ хамгаалах хууль

2016-05-19 10:35:00

undefined

Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрээр экспортлогч орон өөрийн санаачилгаар дэмпингтэй бүтээгдэхүүнээ буцаан татах үүрэгтэй. Эс бөгөөс нэмэлт татвар ногдуулдаг.

Тоосонд дарагдан, хэрэглэлгүй хаягдах дөхсөн ажлын хэдэн гутал хойд хөршийн агуулахад “хэвтэж” байсныг манай нэгэн сүйхээтэй наймаачин олжээ. Тэгээд эх орондоо авчран, ижил төрлийн бүтээгдэхүүнээс нь бараг хоёр дахин хямд үнээр борлуулчихав. Уул уурхайн компаниуд ч уухайн тас авч, овсгоотой наймаачны Оросоос “шүүрч” ирсэн гутал Монголд “шуурав”.

Уг нь манай үйлдвэрлэгчдийн бүтээсэн төмөр хамгаалалттай, арьсан, ажлын гутал дунджаар 100 мянган төгрөгийн үнэ хүрдэг. Бас ийм гутал хойд хөршид багагүй үнэтэй бөгөөд ОХУ ч энэ бүтээгдэхүүнээ бусад улсад экспортлохдоо чамгүй өндөр ханшаар худалдчихдаг. Гэтэл манайд энэ бүх ханшаас доогуур үнээр борлуулсан. Ингэж хямд гутал бодит үнэ тогтоосон үндэсний үйлдвэрлэгчдийн борлуулалтыг царцаав. Сүйхээтэй нэгний харсан өчүүхэн ашиг дотоодын баялаг бүтээгчдэд дарамт болох нь тэр.

Тэгэхдээ бүр чанарын шаардлага хангасан ч биш, илүүдэж, агуулахад “хэвтэж” байсан хэдэн хос гутал үндэсний үйлдвэрлэлд эрсдэл дагуулав. Тэгвэл хэт хямд импортын бүтээгдэхүүн зах зээлд ийн нөлөөлөхийг дэмпинг гэдэг. Тэрчлэн биднийг хүрээлж буй хоёр уудам зах зээлээс “атгын чинээ”-г аваад ирэхэд л Монголд уулын чинээ болдог байна. Ингээд өндийж буй үйлдвэрлэгчдийн борлуулалтад нөлөөлдөг.

Зөвхөн Монгол ч биш дэлхий даяар дэмпинг гэх дарамттай нүүр тулдаг. Дэлхийн худалдааны байгууллагаас хэт хямд барааны дарамт буюу дэмпингийг зохицуулах тусгай хэлэлцээр баталсан. Тус байгууллагын 1994 онд баталсан Тариф худалдааны ерөнхий хэлэлцээрийн зургадугаар хэлэлцээрт дэмпингийн асуудлыг зохицуулахаар тусгажээ.

Энэ хүрээнд 162 орныг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн худалдааны байгууллагаас гишүүн улсууддаа хандан дэмпингийн эсрэг хууль, эрх зүйн орчин бүрдүүлэхийг зөвлөсөн байна. Тэгвэл зах зээлийн эдийн засагт шилжээд 24, Дэлхийн худалдааны байгууллагад элсээд 19 жил болж буй Монгол Улс дэмпингтэй тэмцэх эрх зүйн орчингүй явсаар өдий хүрчээ.

Тиймээс дотоодын зах зээлээ хамгаалах, шударга бус өрсөлдөөнийг хазаарлахын тулд Дэмпингийн тухай хуулийн төслийг Аж үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, баялаг бүтээгчид санаачлан боловсруулж, энэ сарын 5-нд УИХ-д өргөн мэдүүлээд байна. Хуультай болсноор хөнгөн үйлдвэрлэл, тэр дундаа төмс, хүнсний ногоо, арьс ширэн эдлэл нэн тэргүүнд хамгаалалтад орно. Бас цемент, арматур зэрэг барилгын материалын дотоодын үйлдвэрлэлд дэмжлэг болно гэж Аж үйлдвэрийн яамнаас үзэж байна.

Хуулийн төсөлд тусгаснаар дэмпингтэй тэмцэх тусгай Ажлын хэсэг бий болно. Ингэхдээ бие даасан нэгж, агентлаг шинээр үүсгэхгүй. Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Гааль, татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, үйлдвэрлэгчид, мөн Дэмпингийн эсрэг олон улсын хороо зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байгуулна.

Тэд иргэдээс ирсэн гомдлын дагуу импортын бүтээгдэхүүнд шалгалт хийж, дэмпинг мөн, эсэхийг нь тогтооно. Хэрэв дэмпинг болох нь батлагдвал УИХ, Засгийн газарт танилцуулна. Харин Засгийн газраас хэт хямд бараа нийлүүлсэн оронд хандан бүтээгдэхүүнээ буцаан авахыг шаардах эрхтэй. Дэлхийн худалдааны байгууллагын зургадугаар хэлэлцээрээр энэ тохиолдолд экспортлогч орон өөрийн санаачилгаар дэмпингтэй бүтээгдэхүүнээ буцаан татах үүрэгтэй.

undefined

Үүнд нь хугацаа ч олгодог. Харин буруугаа хүлээн, буцааж татаагүй бол УИХ-аас тухайн дэмпингтэй бүтээгдэхүүнд татвар ногдуулдаг. Тэр ч бүү хэл өмнөх импортод нь нөхөж татвар ногдуулах эрх ч бий. Өөрөөр хэлбэл, гаалийн албан татвараас гадна дэмпингийн эсрэг татвар ногдуулна гэсэн үг. Ингэхдээ үнийн зөрүүнд үндэслэж, бүтээгдэхүүн бүрт ялгаатай тогтоодог. Бас үнийн зөрүүг бүтээгдэхүүний бодит буюу жишиг үнийг тусгай аргаар тооцож, татвар ногдуулдаг аж.

"5000 төгрөгийн гутал, 2-3 мянган төгрөгийн цамц, сүлжмэл бүтээгдэхүүн, 1000- 2000 төгрөгийн үнэтэй архи борлуулагдаж байна" гэж Аж үйлдвэрийн яамны Худалдааны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Золтуяа хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Өөрөөр хэлбэл, эдгээр бүтээгдэхүүн нь Дэмпингийн эсрэг тэмцлийг эхлүүлэх шалтгаан байж. Хууль боловсруулагчдын хэлж буйгаар Дэмпингийн эсрэг эрх зүйн орчин нь зах зээлийн зарчмаар оршиж буй бизнесийг гажуудуулах гэсэн оролдлого огт биш. Харин экспортлогч орон өөрийн бараа бүтээгдэхүүнээ борлуулахын тулд шударга бус өрсөлдөөн бий болговол бидний зүгээс авч буй арга хэмжээ, хариу хамгаалалт юм.

Засгийн газраас үйлдвэрлэлээ дэмжих үе шаттай арга хэмжээ авч, шаардлагатай хамгаалалтыг зөв хэсэгт нь тохирсон цагт нь тавьж байгаа. Энэ сарын эхээр импортын 100 гаруй нэр төрлийн барааны гаалийн албан татварыг нэмсэн. Энэ нь ч баялаг бүтээгчдэд урагшлах, ахих боломж олгосон эх оронч тогтоол байсныг үйлдвэрлэгчид хэлдэг.

Тэгвэл энэ тогтоолын араас дахин нэг эх оронч хуулийн төслийг өргөн мэдүүлээд байна. Өөрөөр хэлбэл, чанаргүй бүтээгдэхүүнээс иргэдээ, импортын бүтээгдэхүүнээс үйлдвэрлэлээ хамгаалах дахин нэг хамгаалалт бий болох нь. УИХ-ын Тамгын газрын албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр Дэмпингийн тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр буюу даваа гарагт хэлэлцэх товтой байна.

Эх сурвалж: www.gogo.mn Г.Байгал






Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Харъяа байгууллагууд


© 2018. Аж үйлдвэрийн яам. Бүх эрх хуулиар хамгаалагдсан