Алтанбулаг чөлөөт бүс амилчихаж, харин одоо...

2016-05-23 08:59:00

-Чөлөөт бүсийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт татах анхдугаар уулзалт амжилттай болов-

10 гаруй жил цаасан дээр яригдаж явсан чөлөөт бүсийг хөгжүүлэх тухай яриа ажил хэрэг болох эхлэлээ тавьсан нь саяхан. Тодруулбал, УИХ-ын өнгөрөгч жилийн хаврын чуулганаар Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийг баталснаар хэдэн чингэлгээс өөр зүйлгүй нүцгэн тал шахам чөлөөт бүсүүд амилах эхлэлээ тавьсан юм. Дэлхий дахины 135 улс оронд 3500 гаруй чөлөөт бүс 700 тэрбум ам.долларын эскпортын бараа эргэлт гүйцэтгэж, 70 сая хүнийг ажлын байраар хангадаг гэсэн тоон судалгаа бий. 

undefined

Харин манайд Алтанбулаг /500 га/, Цагааннуур /708 га/, Замын-Үүд /900 га/ гэсэн гуравхан чөлөөт бүсийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татаж, хоёр хөрш цаашлаад Ази, Европын орнуудад бараа бүтээгдэхүүнээ гаргах тухай яриа 2002 оноос хойш яригдсан ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болгож чадаагүй явсан нь худлаа биш. Түүнчлэн чуулганаар баталсан Чөлөөт бүсийн тухай хуулийн хүрээнд Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлыг түшиглэн чөлөөт бүс хөгжүүлэхээр болсон ч мөн л яриа хэлцэл төдий байгаа. Замын-Үүдийн чөлөөт бүсийг хил дамнасан чөлөөт бүс болгон хөгжүүлэх ажлыг Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яамтай хамтран эхлүүлэхээр гарын үсэг зураад буй. 

Тэгвэл аялал жуулчлал, эдийн засгийн томоохон чөлөөт бүс болон хөгжих учиртай Алтанбулаг чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт татах, улмаар Монгол Улс, ОХУ, БНХАУ гэсэн гурван улсын төрийн тэргүүн нарын санаачлан хэрэгжүүлж, ажил хэрэг болгож буй Эдийн засгийн коридор байгуулах ажлын эхлэл болгож Алтанбулаг чөлөөт бүсэд өнгөрөгч амралтын өдөр гурван улсын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид чуулж хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо. 2005 онд Алтанбулаг чөлөөт бүсийг хөгжүүлэх эрхзүйн орчныг бүрдүүлж, улмаар 10 гаруй жил үйл ажиллагаа явуулсан ч хөрөнгө оруулалт татаж чадаагүй, дэд бүтцээ бүрэн шийдэж, ажлын байр бий болгох талаар учир дутагдалтай байжээ. 

Тэгвэл Аж үйлдвэрийн яам байгуулж, улмаар эрхзүйн орчноо бүрэн шийдэж чадсанаар чөлөөт бүс амилж, хөрөнгө оруулагчдын овоо хараа тус бүсийг онилох болсон нь энэ юм. Зам, цахилгаан, дэд бүтэц зэргээ бүрэн төгс шийдэж чадсан Алтанбулаг чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт татах, татварын уян хатан нөхцөлтэй бүсэд худалдаа эрхлэх хүсэлтэй бизнес эрхлэгчдийн анхаарлыг татах зорилгоор зохион байгуулсан “Алтанбулаг экспо-2016” эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулганыг Аж үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр анх удаагаа зохион байгуулав. 2014 онд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байсан ч төдийлөн олны анхаарлыг татаж чадаагүй гэдэг. Тэгвэл УИХ-аар хууль эрхзүйн орчныг шинэчлэн баталсны дараа зохион байгуулсан энэхүү чуулга уулзалт маш өргөн хүрээг хамарч, БНХАУ-ын талаас 30 гаруй, ОХУ-ын талаас 20 гаруй, манай талаас 50 орчим бизнес эрхлэгч, мөн тооны хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаачид оролцлоо. Чуулга уулзалт Алтанбулаг чөлөөт бүсэд хоёр өдөр үргэлжилж, өчигдөр хаалтаа хийсэн юм. 

Чуулганы хүндэт зочдоор чуулга уулзалтыг санаачлан зохион байгуулж буй УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шин Хаймин, ОХУ-ын Буриад улсын Ардын их хурлын дарга Доржиев Ц.Э, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Алтанбулаг чөлөөт бүсийн Хөрөнгө оруулагчдын зөвлөлийн тэргүүн Ч.Амарбаатар, Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү нарын төлөөлөгчид оролцов. Хуралдаан зургаан салбар хуралдааны хүрээнд өрнөж, мөн үзэсгэлэн худалдаа, гурван улсын хамтарсан урлагийн тоглолт, орон нутгийн язгуур урлагийн тоглолт, загварын шоугаар үргэлжиллээ. 

Тодруулбал, уулзалтын эхний өдөр Дэлхийн чөлөөт бүсийн хөгжлийн чиг хандлага, Монголын чөлөөт бүсийн өнөөгийн байдал, Чөлөөт бүсийг хөгжүүлэх тухай хууль эрхзүйн орчин, Чөлөөт бүсийн тээвэр ложистикийг хөгжүүлэх боломж, Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаан, Ноос ноолуур, арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаанууд явагдав. Мөн Аж үйлдвэрийн сайд энэ үеэр Алтанбулаг чөлөөт бүсийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах асуудлын хүрээнд Буриад улсын Ардын их хурлын дарга дарга Доржиев Ц.Э болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин нартай уулзалт хийлээ. Алтанбулаг чөлөөт бүсийн тухайд гэвэл улсын төсвөөс 2.2 тэрбум, хувийн хэвшлээс 5.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. 

Цэвэр усан хангамжид бүрэн холбогдсон бөгөөд бохирын шугам хоолой, үеийн даланг ч мөн амжилттай хийж чадсан байна. Бүтээн байгуулалт хийх эхний ээлжийн цахилгааныг бүрэн шийдэж, улмаар өсөн нэмэгдэх хэрэглээг хангах зорилгоор нэмж цахилгаан шийднэ гэсэн төлөвлөгөөг гаргаад байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, дэд бүтцээ бүрэн шийдчихсэн, харин одоо хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хувь хүн, компани, аж ахуйн нэгжийг чөлөөт бүс хүлээж байна. 2014 оны зургадугаар сарын 22-ноос албан ёсоор ажлаа эхэлж, Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн 131 аж ахуйн нэгжээс 10 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгааг салбар хуралдааны үеэр Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү онцоллоо. Түүнчлэн, энэ онд тус чөлөөт бүсэд 8.33 сая ам.долларын өртөг бүхий томоохон худалдааны төвийн ажил эхлэхээр болжээ. БНХАУ-ын ӨМӨЗО-ны хөрөнгө оруулалтаар хийгдэх уг худалдааны төв 2.5 га газрыг хамарч, гурван үе шаттай хэрэгжих гэнэ. Мөн хууль эрхзүйн орчин тодорхой болж, чөлөөт бүсэд хөрөнгө оруулах хүсэлтэй болон бизнес эрхлэгчдийг татварын уян хатан бодлогоор дэмжих ажил эхлэлээ тавьснаар чөлөөт бүсийг чөдөрлөж байсан олон бэрхшээлийг шийдэж чадсан гэдгийг чуулга уулзалтын үеэр гурван улсын төлөөлөгчид онцолж байлаа. Хил гаалийн хүнд суртал, төрийн оролцоо хэт их байгаа зэрэг нь чөлөөт бүсэд чөдөр тушаа болдог гэдгийг ч оролцогчид хэлж, чуулганы үеэр гурван улсын хил гаалийн хүнд суртал, татвар тарифыг хөнгөвчлөх асуудлыг илүүтэй хөндлөө. Хуралдаанд оролцсон зочид болон илтгэгчид чөлөөт бүсийн хөгжүүлэх талаар бидэнтэй санал бодлоо хуваалцсан юм. 

Д.Эрдэнэбат: Гааль татварын хүнд суртал өнөөдрийн чухал сэдэв  

/УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд/

-Алтанбулаг чөлөөт бүс 10 гаруй жил ажилласан. Чөлөөт бүс ажиллаж чадахгүй байсан нь үнэн. Явахгүй байсан шалтгаан нь ч тодорхой. Бид ганцаараа бизнес эрхлээд үйлдвэр байгуулахгүй. Тэр дундаа өмнөх хууль эрхзүйн орчин, бодлого дутуу байсан учраас манай талаас л бизнес эрхлэгчид орж ирж худалдаа эрхлэх ёстой гэж л хардаг байлаа. 

Тэгвэл чөлөөт бүсэд хэнийг оруулж, ямар бизнес эрхлүүлэх вэ гэдгийг тодорхой болгож өгснөөр анх удаа хоёр хөршийнхөө бизнес эрхлэгчидтэй хамтарч, хөрөнгө оруулалтын чуулганыг зохион байгуулж байна. Гурван улс хоорондоо харилцан ашигтай хамтын ажиллагааг явуулахад хил гаалийн асуудал, бизнес эрхлэгчдэд тулгарч буй дарамт хүндрэлийг арилгахад хэрэгтэй юм гэдгийг ганц манайх дотроо ярих бус хоёр улстайгаа ярилцаж, хаа хаанаа ойлголцолд хүрэх нь чухал юм. Хоёр хөрш Монгол Улс асар их баялагтай гэдгийг мэдээд байгаа. Гэхдээ бид дангаараа яаж баялгаа ашигтай болгох вэ гэдгээс илүүтэй хоёр улстайгаа хамтран хэрхэн ашиглах вэ гэдэг гаргалгааг хийх ёстой. 

Экспогийн үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай Замын-Үүдийн хил дамнасан чөлөөт бүсийг хөгжүүлэх талаар ярилцлаа. Бид ч хийх ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ бараа дамжин өнгөрч буй хил гаалийн өндөр татварыг байхгүй болох ёстой шүү, ингэснээр хамтын ажиллагааны эдийн засгийн үйл ажиллагаа явна гэдгийг ярилцлаа. Өнгөцхөн харахад хэдэн бизнес эрхлэгчид худалдаа наймаа хийгээд байгаа юм шиг харагдаж байгаа ч татвараа багасгавал гурван улс хэн хэндээ ашигтай байдлаар бизнес эрхлэх боломжтой гэдгийг харуулахад чухал ач холбогдолтой уулзалт болж байна. Хувийн хэвшлийн оролцоо байх тухай ярьж байгаа. 

Онцолж хэлэхэд, хувийн хэвшлийн илтгэлцэл гурван улсын итгэлцлээс илүү явж байгаа. Аль ч улсын хувийн хэвшил ганцхан зов­лон тоочдог. Тэр нь татвар өн­дөр байгаа тухай асуудал. Танай­хаас авах гэхээр ийм өндөр татвартай байна. Хилээр оруулах гэхээс манайхаас бас өндөр татвар нэхээд байна гэдэг. Зовлон нэг учраас чуулга уулзалтын үеэр тэд үүнийг л ярьж байна. Гаалийн тариф, хүндрэлээ яах вэ гэдгээ л тэд ярьж байна. Өнөөдөр хил гааль ямар чөлөөтэй байна. Гэхдээ энэ чөлөөт байдал ганцхан удаагийн арга хэмжээгээр хязгаарлагдах ёсгүй. 

Шин Хаймин: Чөлөөт бүсийг хөгжүүлэхэд бид бүх талаар хамтарч ажиллана 


/БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд/ 

-Хятад, Монгол, ОХУ гурван улс бол уул усаар холбогдсон сайн най­зууд юм. Бас сайн түншүүд. Одоо гур­ван ул­сын эдийн засаг, ху­дал­даа­ны хам­тын ажил­ла­гаа маш ам­жилт­тай хөг­жиж бай­на. Энэ чиг­лэ­лээр цаа­шид гур­ван ул­сын хам­тын ажил­ла­гаа хөгжих боломж бүрэн дүүрэн байдаг. Чөлөөт бүс хөгжүүлэхэд бид бүх талаар дэмжлэг үзүүлнэ. 

Цаашдаа ОХУ болон Монгол Улстай хамтарч Алтанбулаг чөлөөт бүсийг хөгжүүлэхэд хамтарч ажиллах бодолтой байгаа. Хятадын талаас дэвшүүлсэн “Нэг бүс-Нэг зам санаачилга”, Монголын талаас дэвшүүлсэн “Талын зам” төсөл, ОХУ-аас дэвшүүлсэн ЕвроАзийн эдийн засгийн бүс байгуулах санаачилгыг уялдуулж, хөгжүүлэхээр гурван улсын төрийн тэргүүн нар тохиролцсон. Ийм учраас энэ санаачилгыг цаашид ажил хэрэг болгох нь маш чухал юм. 

Миний бодлоор эхлээд Замын-Үүд, Эрээн хотын хил дамнасан чөлөөт бүсийг ажил хэрэг болгох нь чухал. Алтанбулаг чөлөөт бүс ч гэсэн маш чухал. Хятад, Монголын Засгийн газар хоорондоо Замын-Үүд, Эрээн хотын хил дамнасан чөлөөт бүс байгуулах тухай яриа хэлцэл эрчимтэй хийгдэж байна. БНХАУ-ын Худалдааны яам болон Монгол Улсын Аж үйлдвэрийн яамны хүрээнд хамтран ажиллах гарын үсэг зурагдсан. Цаашид хоёр улсын Засгийн газрын тохиролцсон тохиролцоог ажил хэрэг болгох талаар хурдтай ажиллана. 

Хэрвээ амжилттай болж чадвал Замын-Үүд илүү эрчимтэй хөгжинө. Хятад улс хөрш орнуудтайгаа зургаан эдийн засгийн чөлөөт бүс байгуулсан. Тэр дундаа Казахстан улстай байгуулсан “Хоргос” эдийн засгийн чөлөөт бүс маш амжилттай ажиллаж байгаа. Үүнээс гадна Вьетнам, Камбож, Лаос улстай эдийн засгийн чөлөөт бүс байгуулсан. Эдгээр чөлөөт бүсүүд Хятад улсын эдийн засагт маш их үр нөлөө үзүүлдэг. Монгол Улсад чөлөөт бүсийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах чиглэлээр туршлага солилцож байгаа. Энэ талаар Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яамтай хамтарч ажиллаж эхэлсэн. 

Доржиев Ц.Э: Буриад улс Монголоос мах махан бүтээгдэхүүн авах сонирхол их бий 


/ОХУ-ын Буриад улсын Ардын их хурлын дарга/

-Буриад улсын талаас олон аж ахуйн нэгжийн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Бид юун түрүүнд боловсрол, соёл эрүүл мэндийн салбарт хамтарч ажиллахыг илүүтэй сонирхож байгаа. Хамгийн гол нь эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал. Буриад улсын эдийн засаг эртнээс Монгол Улсын эдийн засагтай нягт уялдаж ирсэн. Манай хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд илүү эрчимжиж эхэлж байна. 

ЗХУ-ын улсын үеэс Буриад улсын махны үйлдвэр нь томоохонд тооцогдож байсан. Тиймдээ ч юун түрүүнд Монголын талтай мах махан бүтээгдэхүүн нийлүүлэх, мах авах чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой байна. 

Буриад улсын хувьд Монгол болон ОХУ-тай худалдаа, аялал жуулчлалын салбарт харилцаагаа эрчимжүүлж байгаа. Чуулга уулзалт өндөр дээд хэмжээнд болж, хоёр улсын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа эхлүүлээсэй гэж хүсье. ОХУ-д нийт 28 орчим чөлөөт бүс байдаг. Маш олон улстай худалдааны чиглэлээр хамтын ажиллагаатай байдаг. Сүүлийн үед хориг тавигдсан учраас Ази, Номхон далайн улс орнуудтай хамтарч ажиллаж байна. Мөн ЕвроАзийн улс орнуудтай эдийн засаг, худалдааны чиглэлээр хамтарч ажилладаг. 

Б.Лхагважав: Хөрөнгө оруулагчид айх аюулгүй болсон 


/МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга, Ерөнхийлөгч/

-Энэ удаагийн экспод нэлээд ач холбогдол өгч байгаа. Улс төрийн хувьд болон эрхзүйн талаасаа эдийн засгийн коридор байгуулах ажил нээгдчихсэн. Төр засгийн төвшинд ч яриа хэлцэлд хүрчихсэн. Харин өнөөдөр энэхүү бий болгосон орчинг ашиглаж, хөрөнгө оруулах бизнес эрхлэгчдийг татах нь чухал байна. 

Бид хоосон ирээгүй. Эдийн засгийн ил тод байдлын хуулиар 53 мянган компани 17 тэрбум ам.доллараа ил гаргалаа. Энэ нь дотоодын хөрөнгө оруулалт болж орж ирнэ. Технологи, инноваци, хөрөнгө оруулалтаар орж ирнэ. Нөгөө талаас гурван улсын хөрөнгө оруулагчид чөлөөт бүсэд орж ирэхэд харилцан ажиллах газар нь манай улсын компаниуд. Тэгэхээр Монголын компаниудын татварын орчин нээлттэй ил тод тунгалаг болсон. Ингэснээр хөрөнгө оруулагчид айх аюулгүй болсон. 

Монгол Улс таван тэрбум ам.долларыг үйлдвэрлэлийн салбар руу гаргасан. Үйлдвэрлэж бий болгосон бараа бүтээгдэхүүнд зах зээл хэрэгтэй байна. Тэр нь ОХУ, БНХАУ цаашлаад Зүүн Азийн улс орнууд байна. бараа бүтээгдэхүүнийг гаргах коридор нь чөлөөт бүс байх юм. Чөлөөт бүсийг бид олон талаас ойлгож эхэллээ. Дэлхий дахинд 100 гаруй оффшор бүс байгаа. Оффшор бүсэд данстай, бүртгэлтэй байна гэдэг байдаг л нэг механизм. Ийм механизмыг Монгол Улс гурван газар хийх гэж оролдож байгаа. Хөрөнгө оруулагч өөрийнх нь оруулсан хөрөнгийг хамгийн итгэлтэй, найдвартай хамгаалж чадах бүсийг хайж байдаг. Ирээдүйд Алтанбулаг бүс санхүү, хөрөнгө оруулалтын чөлөөт бүс болно гэдэгт итгэлтэй байгаа. Тэгэхийн тулд эрхзүйн орчноо бүрэн хангах нь чухал юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Өнөртогтох






Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Харъяа байгууллагууд


© 2018. Аж үйлдвэрийн яам. Бүх эрх хуулиар хамгаалагдсан