Орхон Сэлэнгийн бэлчирт өнжсөн тэмдэглэл

2016-05-23 11:39:00

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Орхон Сэлэнгийн бэлчир хөлтэй өнжлөө. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хил дамнасан тээвэр, дэд бүтцийг хөгжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж өргөжүүлэх зорилгоор “Алтанбулаг экспо-2016” олон улсын чуулга уулзалтыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь Алтанбулаг чөлөөт бүсэд зохион байгуулсан юм.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд хөрш гурван улсын 100 гаруй компани оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа. Мөн Гааль, татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газар, МҮХАҮТ-ын нээлттэй хаалганы өдөрлөг болж, гадаад, дотоодын иргэдэд мэдээллээр үйлчлэв. Энэхүү арга хэмжээнд бизнес эрхлэгчдээс гадна гурван улсын төр, засгийн төлөөлөл болон салбарын эрдэмтэн судлаачид, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, иргэд өргөнөөр ирсэн байлаа.

Бямба гаригийн өглөө “Алтанбулаг экспо-2016” олон улсын чуулга уулзалтын албан ёсны нээлт эхэлж, тууз хайчлахаас өмнө гурван улсын иргэдийн худалдааны үйл ажиллагаа хэдийнэ эхэлчихсэн байв. Зарим нь бараагаа бүрэн өрж ч амжаагүй сандруухан байхад зарим нь хэдийнэ компаниа сурталчлан таниулах ажлаа эхэлчихсэн амталгаат худалдаа хийсэн шигээ сууж байлаа. Өглөө эртийн цагаар ажлаа амжуулагчдын нэг нь “Тэсо” корпорацийнхан. Хэдийнэ лангуун дээрээ бүтээгдэхүүнээ өрчихсөн, орж ирсэн хүмүүст боршуур тарааж, амталгаа хийхийг санал болгон гарахад нь судалгаа бөглүүлж байх юм.  Маркетингийн албаны дарга О.Үнэнбат “Манай компани “Алтанбулаг экспо”-д энэ жил хоёр дахь удаагаа оролцож байна. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад энэ жилийн эксо илүү өргөн цар хүрээтэй, олон улсын арга хэмжээ болж байна. Хөрш хоёр улсын болон Монголын томоохон компаниуд энд иржээ. Бид эхний ээлжинд Өвөр Монгол руу “Зөв” нэрийн аарцны ундаа, жүүс, сүүгээ гаргаад эхэлчихсэн байгаа. Харин одоо ОХУ-ын зах зээл рүү бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжийг судалж байна” хэмээн ярилаа.

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Бүгд Найрамдах Буриад улсын Ардын их хурлын дарга Ц.Э.Доржиев нар үг хэлж, тууз хайчлах цаг хараахан болоогүй. Өөрөөр хэлбэл, албан ёсны нээлт эхлээгүй байгаа тул энэ тэрүүгээр явж орон нутгийн наймаачид болоод гадна дотны хүмүүсийн үйл ажиллагааг хөндлөнгөөс ажиглаж, заримтай нь үг солих цаг завтай гэсэн үг.

Ихэнх павильон эл хульхан байснаа удалгүй хэлэлцэж тохиролцсон юм шиг хэсэг хэсгээрээ хайрцаг савтай бараагаа үүрч дүйрэн оруулж ирсэн хүмүүс тэвдүүхэн гэгч нь өрж тавьж байгаа харагдана. Үнэндээ энэ зураглал хаана ч адилхан л байдаг зүйл. Гагцхүү Алтанбулагт анх удаа болж байгаагаараа л онцлог. Тиймээс ихэнх оролцогч энд байнгын ийм хөл хөдөлгөөнтэй, олон түмэн орж гарсан урсгалтай байгаасаа гэж хүсч байлаа. Тэдний нэг болох “Black diamond Mon” компанийн захирал Мягмарсүрэн “Бид энэ олон улсын экспод бараа бүтээгдэхүүнээ танилцуулах, гадаад, түншээ өргөжүүлэх зорилгоор ирсэн. Манай компани бол Монголын хамгийн анхны эко тор үйлдвэрлэгч юм. “Торхон” нэрийн уут, цүнх, харандаа үзэгний савыг олон төрлөөр нь үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг. Дотоодын зах зээлд өөрийн гэсэн хэрэглэгчидтэй. Мөн саяхан Казахстанаас “Бүтээгдэхүүн нийлүүлээч” гэдэг захиалга хүлээн аваад байгаа. Үүнээс гадна гадаад зах зээл руу бизнесээ өргөжүүлэхийн тулд “Алтанбулаг эскпо-2016”-г зорьж ирсэн. Үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярилаа. Тэднийхээр ихэвчлэн орос, буриадууд үйлчлүүлж бүтээгдэхүүн авч байгаа харагдсан. Лав эндээс хоосон буцаагүй болов уу.

Монголчуудын билэгшээдэг морь цаг болж, албан ёсны нээлт эхлэв. Энэ үеэр Буриад улсын Ардын их хурлын дарга Ц.Э Доржиев “Өнөөдрийн уулзалтаар олон чухал асуудлыг шийдэж, хил орчмын бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд харилцан ашигтай хамтран ажиллая” хэмээн дахин “санал болгосон” нь бүхий л төвшиндөө ижил сонирхолтой байгааг илэрхийлчихлээ. Харин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хайминь “Хөрш гурван улсын бараа бүтээгдэхүүнийг нэг дор төвлөрүүлэн, Евро-Азийн бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ тавцан нээгдэж байгаад баяртай байна. БНХАУ Монгол, Орос улстай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хамгийн тааламжтай үедээ явж байна. Монгол Улсын Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг зэрэг хилийн боомтуудад чөлөөт бүс байгуулж буйг дэмжин ажиллаж байгаа. Цаашид Монгол Улсын чөлөөт бүсийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх үед Хятадын аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцохыг уриалах болно. Одоогоор Хятадын “Торгоны зам”, Монголын “Талын зам”, Оросын “Транс Евро-Азийн коридор” зэрэг томоохон төслүүдийн бодлогыг  хооронд нь уялдуулах тал дээр идэвхтэй ажиллаж байгаа” гэв.

Монгол Улсын Засгийн газар олон улсын чөлөөт худалдааг дэмжих бодлого барьж, Алтанбулаг чөлөөт бүсийг хөгжүүлэхээр 10 гаруй жил ярьсан. Харин одоо бэлтгэл ажил нь бүрэн хангагдаж бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийхэд бэлэн болоод байна. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Монголчууд одоо олон зүйлийг дутуу бодож байснаа ойлгосон. Тодруулбал, аливаа хүн, ямар ч улс  худалдаа, бизнес хийхэд ганцаараа оролцдоггүй юм байна. Өмнөх бодлого нь энэ талбай дээрээ монголчууд л ирчихвэл бүх юм болоод явчих юм шиг төсөөлж байлаа. Гэтэл тийм биш. Бид хоёр хөрш улстайгаа хамтарч ажиллаж байж л чөлөөт бүсээ хөгжүүлнэ. Гурван улс үйлдвэр, худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаатай байж л Алтанбулаг чөлөөт бүс хөгжинө. Өнгөцхөн харахад, сая зохион байгуулсан экспогоор маш олон хүн цугларч, бизнесээ ярьж худалдаа хийлээ. Иймэрхүү нэг удаагийн арга хэмжээ орон нутгийн иргэдэд хэрэгтэй. Түүнээс ч илүү нь цаашид тогтмол үйл ажиллагаа явуулахын тулд ОХУ 40-50 хувийн татвараа, Хятад ч ялгаагүй 50-60 хувийн татвараа багасгах хэрэгтэй болно. Манай улсын хувьд худалдаа либеральчлагдсан, 0-5 хувийн татвартай байгаа. Гэтэл биднийг юмаа гаргах гэхээр урдаас 50-60 хувийн татвар нэхээд байхаар худалдааны тэгш зарчим, эдийн засаг, бизнесийн харилцан үр ашигтай хамтран ажиллах зарчим алдагдаж байгаа юм. Тиймээс сая зохион байгуулагдсан экспо бол бидний цаашдын ажилд их үр ашигтай боллоо. Аль ч улсын хувийн хэвшлийнхэн ялгаагүй нэг л зүйлийг ярьдаг. Бид хамтраад ажиллачихмаар байна. Гэтэл танайхаас юм авах гэхээр ийм хүндрэл байдаг.Хийсэн юмаа танайд зарах гэхээр манайхаас ингэж дарамталдаг гээд бизнес эрхлэгчдийн зовлон адилхан байдаг. Тиймээс энэ экспогоор энэ бүгдийг ярьж шийдэл хайлаа” хэмээсэн юм.

Үнэндээ одоо Алтанбулаг чөлөөт бүсэд хууль, эрх зүй, санхүүгийн орчин нь  бүрджээ. Харин эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд “Хувийн хэвшилдээ итгээд менежментийг нь өгчихөөч” хэмээн Чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийн дарга Ч.Амарбаатар “гуйж” байна. Тэрээр “Дэлхийн томоохон үйлдвэрлэгч манай урд, асар баян хэрэглэгч нь хойно байна. Энэ чинь хэдэн тэрбумын худалдаа арилжаа гэсэн үг. Нөгөөтэйгүүр, бид “далайд гарцгүй” гэж их ярьдаг. Гэтэл далайн бүх зам БНХАУ руу л чиглэдэг. Харин бид эх газрын хилээр нь энэ их гүрнүүдтэй хиллэж байгаа шүү дээ. Бид ер нь далайгаар яах гэж байгаа юм. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд нь оролцох гээд байгаа биз дээ. Бид холбогч хийх ёстой. Тэр ч утгаараа Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийг байгуулсан. Энэ чинь эцсийн дүндээ мөнгөний л урсгал шүү дээ. Харин одоо үүнийг улс дангаараа хөгжүүлж дийлэхгүй гэдэг нь нэгэнт тодорхой боллоо. Тиймээс бизнес эрхлэгчид зоригтой хөдлөх цаг нь болсон. Хамтдаа чөлөөт бүсүүдээ хөгжүүлье. Гэхдээ төрөөс хүсэх зүйл байна. Хувийн хэвшилдээ менежмэнтийг нь өгчих” хэмээн байр сууриа илэрхийлж байгаа.

Тус зөвлөлийг үүсгэн байгуулсан МҮХАҮТ-ын зүгээс ч гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, хууль, эрхзүйн орчноо сурталчлан таниулахад санаачлагатай ажиллаж, монгол брэндийг бий болгохыг дэмжин хамтран ажиллах талаар анхаарал хандуулж байгаа аж. Тус танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав “Манай өмнөд хөрш БНХАУ гэхэд л 1400 орчим чөлөөт бүстэйгээс 80 гаруй хувь нь гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татаж чадан эдийн засгаа хурдацтай хөгжүүлсэн. Үүний нэгэн адил монголчууд үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, Алтанбулаг чөлөөт бүсэд олон улсын чанар, стандартад нийцсэн худалдаа, үйлчилгээний төвийг олноор бий болгож хөгжүүлбэл Монгол Улсын эдийн засагт томоохон түлхэц болно” гэв. Ийнхүү хүн амын тал хувь нь төвлөрсөн улсын нийслэл Улаанбаатараас 335 км, Сүхбаатар хотоос 25 км зайтай, ОХУ-ын Буриад Улсын Хиагт тосгонтой хиллэдэг Булагийн ам хэмээх газарт нээгдсэн Алтанбулаг чөлөөт бүсийн олон улсын чуулга уулзалт цаашид ч хэлэлцэж тохирох сэдэв олонтой болж өндөрлөсөн юм.    

 

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН Г.ГАНЧИМЭГ






Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Харъяа байгууллагууд


© 2018. Аж үйлдвэрийн яам. Бүх эрх хуулиар хамгаалагдсан